Цувралыг базахуй
Энэ жил өвөрмөц өвөрмөц гэхэд дэндүү өвөрмөц цувралыг үзэж байна даа. Залуу Этүгэн эхлээд шигшээд шалгарч нэг “өвөрмөцөдсөн.” Гэхдээ эхний тоглолтод хүчирхэг Хүлгүүдийг бараагүй. Хүн болгон л энэ цуврал эрт дуусах нь гэж бодож байсан байх. Харин хоёр дахь тоглолтод бүүр өвөрмөц зүйл болсон. Юу гэхээр Этүгэн Ирвэсүүд багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт тус тоглолтод тодорхойгүй шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй. Туслах дасгалжуулагч Ц.Чинзоригт гадаадад ажлаар явж таарсан тул мөн л байгаагүй юм. Гэхдээ нэг “өвөрмөц” зүйл болсон нь залуу Этүгэн Ирвэсүүд тухайн тоглолтод ялсан. Цуврал нэг нэгээр тэнцлээ. Харин өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт дасгалжуулагчгүй Ирвэсүүдийг Хүлгүүд бут ниргэсэн гэхэд болно. Тэгвэл цувралын дөрөв дэх тоглолтод самбарын доор Эй Жэй Вэст шитний мангас нь байлаа.
Дасгалжуулагч гэж хэн бэ?
Эхний дөрвөн тоглолтыг харахад “Монголын” сагсан бөмбөгт дасгалжуулагч гэдэг хүн хэрэгтэй юу? гэсэн асуулт урган гарч, толгойд бодогдсоор удаж байгааг нуух юун. Дөрвөн тоглолтоос гуравт нь Этүгэн Ирвэсүүд дасгалжуулагчгүй тоглож хоёрт нь хожив. Нөгөө талд СБЛ Хасын Хүлгүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож ахуй. Дасгалжуулагч нар бүгд л цалин авдаг. Тоглолтдоо ирэх, бэлдэх, тамирчдад сахилга бат суулгах, багийг системтэй болгох гээд дасгалжуулагч хүний хийх ёстой ажил, үүрэг үлэмж их.
Гэтэл дасгалжуулагчийн эзгүйд Этүгэний тамирчид биеэ үл барьсан тоглолт үзүүлж байсан. Гэхдээ “хэтэрхийдчихвий” гэсэн айдас төрж байсныг нуугаад яах вэ. Тэмцэл, хор шар тамирчин болгонд байдаг. Гэхдээ дээд үеийнхээ ах нартай хүндэтгэлтэй харьцдаг нь аль ч лигт байдаг зүйл. Улирлын турш харагддаг байсан сэлгээнд сууж байгаа тоглогчид нь талбайдаа бөхийж ёсолдог нь зарим тоглогчдоос хоёр дахь тоглолтод лав өдрийн од шиг харагдаж байлаа. Сэлгээнд сууж байсан нэг тоглогч нь тоглолтын турш тал устай цэвэр усны савыг босоогоор нь унагаах гэж өөрийгөө зугаацуулж суугаа харагдсан. Энэ үед зөвхөн дасгалжуулагчийнхаа хажууд л түүний шаардлагуудыг хүлцэн тэвчдэг байсан юм уу даа гэж санагдаж байв. Этүгэний дасгалжуулагч үүрэгт ажлаа умартсан болой. Нөгөө багт ч гэсэн ялгаагүй. Удирдлагагүй, долоохон тоглогч ашигласан залуу багт хожигдож л байдаг. Хожигдчихоод бас л шүүгч Ганзоригтой маргалдаж, буруу шүүлт байлаа гээд байгаа бололтой байсан. Уучлаарай гэхдээ мэргэжлийн дасгалжуулагч бол бурууг өөрсдөөсөө хайх ёстой байх. Лав л тэмцээний шүүгч аль нэг талд нь шүүнэ гэж байхгүй.
Ийм нөхцөлд Монголд сагс тоглоход дасгалжуулагч үнэхээр тийм хэрэгтэй юу?
Нийтлэг хандлага
Өөрсдийг нь харж, үлгэр дуурайлал авж байгаа тамирчдынхаа өмнө тэмцээний шүүгчтэй хэрэлдэх, хариуцлагатай тоглолтод ирэхгүй байх зэрэг үйлдлүүд гаргаж байгаа нь өөрөө буруу хандлага биз. Зөвхөн энэ хоёр багаар ч тогтохгүй Дархан Гарьд багийнхан энэ плэй оффт дөрвөн секунд дутуу байхад талбайг орхиж явсан. Хүрэл медалын төлөөх тоглолтод оролцохоос татгалзсан зэрэг үйлдлүүд гаргаад амжсан. Сахилга батыг нь хангаж чадахгүй, системтэй болгож чадахгүй бол дасгалжуулагчийн хэрэг өөр юун дээр гарах билээ. Монголд лав мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэгдэн гарах хүртэл өдий байна даа.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |