Оны эхний гранд тур Жиро д Итали уралдаан үргэлжсээр байна. Тэмцээний 16 дахь гараа өчигдөр болоход нийлбэр хугацаагаар тэргүүлэгч Том Дюмулин багагүй асуудалтай тулгарсан байна. Барианы шугамаас 33 км-ийн өмнө тэрбээр уралдаанаа зогсоож ариун цэврийн өрөө орох шаардлага тулгарсан. Учир нь уралдааны явцад түүний гэдэс эвгүйрхэж, өрсөлдөөн үзүүлэх ямар ч боломжгүй болжээ. Мэдээж бэлэн ариун цэврийн өрөөгүй хөдөө нутагт энэ асуудал хүнд байсан нь гарцаагүй. Гэхдээ л Дюмулин шийдсэн юм.
Өрсөлдөгчид түүнийг хүлээхгүй тул нэгэнт хугацаа алдсан Нидерланд эр дараа нь тун сайн ажиллах шаардлага гарсан байна. Нутгийнхаа Сануэб багаас уралдаж байгаа тэрбээр асуудлаа шийдээд зам дээр гарч ирэхэд багийн зарим гишүүд нь түүнийг орхин одсон байсан юм. Үүнд лидер дугуйчин тун их ундууцсан бөгөөд төлөвлөгөөгүй зогсолт түүнийг баллах дөхсөн нь гарцаагүй юм.
Харин бэлтгэл сайтай байгаа дугуйчин араас тун сайн нөхөж чадсан бөгөөд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдсэн байна. Гэхдээ түүний араас Колумбын шилдэг дугуйчин Найро Кинтана ердөө 31 секундын зөрүүтэй болж ойртжээ. Жиро д Итали уралдаан энэ долоо хоногийн ням гарагт өндөрлөнө.
Г.Баяраа
Уншиж байна |