"Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий нээлттэй төрөлд шилдэг 33 Их мастеруудтай өрсөлдаж эрэгтэй шатарчдаас анх удаа Монгол Улсаа төлөөлөн Шатрын Дэлхийн Цомд оролцох эрхээ авсан Их Мастер Ц.Батчулууныг эх орондоо хүрэлцэн ирж, онгоцноос газардмагц Монголын Шатрын Холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, дэд Ерөнхийлөгч МУГД П.Жигжидсүрэн, Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин нар МҮОХ-ны ёслолын танхимд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин Их Мастер Ц.Батчулуунд баяр хүргэхийн ялдамд, Шатрын Дэлхийн Цомын тэмцээнд амжилт гаргаж, Супер Их Мастер болохыг хүсэн ерөөв.
Тэрбээр тавдугаар сарын 20-нд БНХАУ-ын Ченду хотноо өндөрлөсөн Насанд хүрэгчдийн Ази Тивийн Аварга Шалгаруулах тэмцээнд 16 орны 119 тамирчдын нэг болон оролцож шагналт тавдугаар байранд орсноор Их Мастеруудын Дэлхийн цомд оролцох эрхээ авсан юм.
Ази тивийн аварга шалгаруулах уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Их Мастер Ц.Батчулуун, Их Мастер Б.Гүндаваа, ОУМ С.Билгүүн, Эмэгтэй Их Мастер Б.Мөнгөнтуул, ОУМ Ү.Үүрийнтүяа, ДШХ-ны эмэгтэй Мастер Б.Ану нар ур ухаанаа сорьсон юм.
Ц. Батчулууны хувьд 2015, 2016 онуудад Дэлхийн цомд оролцох эрхээ яг урдуураа харамсалтайгаар тасдуулж байжээ. Харин уг тэмцээнд өмнө нь Монгол Улсаас их мастер Б. Мөнгөнтуул хоёр удаа оролцож байсан бол 1960 онд Азийн бүсийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн С.Мөөмөө гуай оролцож байсан юм.
Б. Энх-Амгалан
\\
Уншиж байна |