Энэ жилийн Монакогын гранприг өнжиж, Инди 500 уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа Фернандо Алонсо байрлал тогтоох уралдаанаа амжилттай хийжээ. Дэлхийн хошой аварга Испани эрийн хувьд өнгөрсөн ням гарагт хүснэгтийн долдугаар байранд бичигдэж байсан бол даваа гарагт болсон сүүлийн шатанд амжилтаа ахиулсан байна.
Андретти автоспорт багийн нэрийн өмнөөс уралдах тэрбээр шилдэг есөн өрсөлдөөнд 372.2 км/цагийн хурдыг гаргаж чадснаар тавдугаар байранд оржээ. Энэ амжилтаараа тэрбээр ирэх ням гарагт болох Инди-500 уралдааныг тавдугаар байрнаас гарч уралдах болсон байна. Өөрөөр хэлбэл тэрбээр голын замын хоёр дахь эгнээнээс уралдааныг эхлүүлнэ.
Гэхдээ урьдчилсан шатны уралдааны үеэр түүний машины моторт гэмтэл гарсан нь бага зэрэг санаа зовоож байгаа гэнэ.
Тэгвэл энэ жилийн Инди-500 уралдааныг эхний эгнээсээ Скотт Диксон (Шинэ Зеланд), Эд Карпентер (АНУ), Александер Росси (АНУ) нарын туршлагатай тамирчид эхлүүлэхээр болжээ.
Г.Баяраа
Уншиж байна |