Энэ зун бидний танил олон тоглогчийн гэрээ дуусч чөлөөт агент болно. Тэдний нэг нь Жрү Холидэй. Тэгвэл түүнийг Даллас Маварикс авах хүсэлтэй буйгаа одооноос илэрхийлээд амжжээ. Холидэйн хувьд Пэликанст дөрвөн улирлыг өнгөрүүлэхдээ 15.4 оноо 7.4 ашигтай дамжуулалтыг 33 минутанд дунджилсан юм.
Далласаас гадна Нью Иорк Никс түүнийг авах сонирхолтой гэдгээ цухуйлгаад амжжээ. 26 настай бүх одод холбон тоглогч маань харин аль их мөнгө санал болгосон багт үлдэх сонирхолтой байгаа нь ойлгомжтой. Түүний одоогийн баг Пэликанс ч түүнд хамгийн өндөр дүнтэй гэрээ санал болгох боломжтой юм. Мөн Дэмаркус Казинс, Энтони Дэвис гэсэн самбарын хоёр мангас түүнийг Нью Орлеан хотод үлдээх нэг хөшүүрэг болох нь биз.
Ямартай ч түүнийг тойрсон олон цуурхлын талаар багийн ахлах дасгалжуулагч Алвин Жэнтри “Түүнийг авч үлдэх нь бидний хийх ёстой ажлын эхний эгнээнд байгаа” гэсэн нь нэгийг илтгэх мэт. 3 долоо хоногийн дараа 27 нас хүрэх залуугийн хувьд энэ зуны эрэлт ихтэй “бараа”-нуудын нэг байх нь ээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |