МСБХ-ны Ниссан дээд лигийн аваргын төлөөх цуврал хаврын адаг сарын эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Цувралын эхний тоглолт өнгөрөгч баасан гаригт өрнөж сүүлийн жилүүдэд клубын түвшинд хамгийн өндөр амжилттай яваа. Хасын Хүлэгүүд залуухан Этүгэн Ирвэсүүдийг 100:82-ын харьцаатайгаар буулган авсан билээ. Хэдийгээр олон онооны зөрүүтэй тоглолт мэт боловч тоглолтын хэмнэлийн хувьд дөрөвдүгээр үеийн төгсгөл хүртэл ойролцоо явсан юм. Ер нь онооны зөрүү төгсгөлийн 3 минутанд л ингэж холдсон гэж хэлж болно. Тус тоглолтонд лигийн шилдэг тоглогчдын нэг Т.Санчир 20 оноо 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа ялалтанд хөтөлсөн юм.
Та гарчгийг анзаарсан бол одоо харин хариу цохилтын үе. Учир юу вэ гэвэл эхний тоглолтод Этүгэний мэргэн бууч Батбаярын амжилттай болсон 11 холын шидэлтийг эс тооцвол болж бүтсэн зүйл залуу Ирвэсүүдэд байгаагүй. Энэ улиралд бүхний анхаарлын төвд байсан холбогч Нэйт Барнэс арван найман довтолгооныхоо зургааг амжилттай болгосон, самбарын мангас гэгдээд байгаа Эй. Жэй Вэст арван дөрвөн шидэлтийнхээ ердөө зургааг байндаа тусгасан зэргээс тэд хэрхэн тоглосныг харж болох байх. Эдгээр тоглогчид дээр нэмэгдээд Санчирын хуучин хамтрагч, Этүгэний лидер Мөнхтүвшин зургаахан оноотой тоглолтыг дуусгасан билээ. Тэгвэл энэ бүх сөрөг үзүүлэлтүүд шилдэг дасгалжуулагч Баярцогтод таалагдаагүй нь ойлгомжтой. Өнөөдөр тэр тактикын хувьд нэг бод түлхэх нь ойлгомжтой биз. Тиймээс тавдугаар сарын хорин хоёрны даваа гаригийн 20:00 цагаас Спортын төв ордны А заланд явагдах тус тоглолт сагсан бөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг татах нь ойлгомжтой биз ээ. Этүгэний шилдгүүд өнөөдөр арай ч 37.8 хувьтай довтолгооны гүйцэтгэлтэй байхгүй гэдэгт найдаж байна. Үгүй ээ, тэд өнөөдөр заавал гүйцэтгэлээ ахиулах ёстой. Тиймээс тоглолт сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |