Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Хүндийг өргөлтийн спортоор хичээллэх сонирхолтой охин БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ.
Хүндийг өргөлтийн холбоо, Монголын үндэсний олимпын хорооноос М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд нэг сая төгрөг хандивлахаар болсон байна. Мөн М.Номин-Эрдэнэ охины эмчилгээний зардалд нэмэр хандив оруулахаар Хан-Уул дүүргийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хандсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаа орчим сая төгрөг цугларчээ.
Олон нийтийн зүгээс дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсдэг тамирчны гэр бүлд хандив тусламж хүргэхийг уриалж байна.
Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Япон улсад болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга болсон. Үргэлжлүүлээд Мексикийн Мериад хотыг зорьсон оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дэлхий аварга болсон.
Энэ тэмцээний дараагаар дэлхийн улс орнуудаас түүнд өөрийн улсын тамирчин болох саналыг тавьсан ч тэрбээр татгалзаж “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад "Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах" юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ" гэсэн тайлбарыг хийж байсан.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |