Формула 1 ДАШТ-ий Испанийн гранпри өнгөрсөн амралтын өдрүүдийн гол сэдэв болж байлаа. Сүүлийн 3 жил дараалан ноёлсон Мерседест Феррари баг тун ойрхон өрсөлдөж байгаа нь уралдааныг илүү сонирхолтой болгож байгаа нь гарцаагүй. Гэхдээ өнгөрсөн ням гарагт Мерседес илүү баг нь байсан.
Уралдааны байрлал тогтоох гараанд Их Британийн Льюис Хамилтон ялалт байгуулсан бол араас нь Ферраригийн Герман нисгэгч Себастиан Феттель, Мерседесийн В.Боттас, Ферраригийн К.Райконен гэсэн дарааллаар замд гарсан юм. Энэ гараа Феррари багийн хувьд сайн муу хоёр мэдээтэй байлаа.
Сайн нь С.Феттель эхний эргэлтээс тэргүүлэлийг авч, Мерседесийн хослолыг ардаа хийж чадсан бол муу нь К.Райконен уралдаанаас гарсан явдал байсан юм. Тэрбээр эхний эргэлт дээр В.Боттастай контакт үүсгэж, уралдааныг орхисон юм. Үндсэн уралдааныг түүнээс гадна 3 нисгэгч орхисон нь Макс Ферстаппен (Рэд булл), Стоффел Вандоорн(Макларен), Валттери Боттас (Мерседес) нар байлаа. Рэд булл, Макларен багуудын нисгэгчдийн хувьд мөн л ослын улмаас замаас гарсан бол Сочигийн гранпригийн ялагч Боттас 38 дахь тойрогт машиных нь хөдөлгүүр гэмтснээр уралдааныг орхижээ.
Тэгвэл энэ хооронд тэргүүлэгчийн өрсөлдөөн Хамилтон, Феттель нарын хооронд хүчтэй өрнөсөн. Тун ойр амжилттай байсан 2 тамирчин цэвэр тактикийн өрсөлдөөнийг хийсэн бөгөөд зөөлөн дугуйтай уралдсан Герман эр уралдааны эхний хагаст бүрэн тэргүүлсэн. Харин уралдааны эргэлтийн цэг нь 44 дэхь тойрогт тохиолоо. Феттелийн пит-стопт орохыг хүлээж байсан Хамилтон боломжит хугацаа нь ирэхэд дайралт тун сайн хийснээр Испанийн гранприг түүнээс булааж чадсан юм. Үүнээс харахад Хамилтоны машины моторт гараад байсан халалтын асуудал бүрэн арилжээ.
Хэдий Ферраригийн хувьд өрсөлдөөн үзүүлэх боломж тун өндөр байгаа ч зөөлөн дугуйн түргэн элэгдэлийг тун сайн тооцоолох шаардлага байсаар байна.
Ийнхүү Дэлхийн аварга Хамилтон, Феттель нар Испанийн гранпригийн эхний хоёр байрыг эзэлсэн бол 3-р байранд Рэд булл багаас Даниель Риккардо орлоо. Австрали эрийн хувтд өмнөх 2 тамирчнаасаа 1 минут 15 секундын алдагдалтай байсан юм. Үүнээс “Формула 1”-ийн багуудын энэ улирлын ялгааг тод харж болох юм.
Ийнхүү Испанийн гранприд түрүүлсэн Хамилтон хүснэгтийг тэргүүлэх боломжоо ахиулж чадлаа. Одоо тэрбээр 104 оноотой тэргүүлж байгаа Феттелээс ердөө 6 оноо дутуу болоод байна. Харин зохион бүтээгчдийн цомыг Мерседес 161 оноотой тэргүүлж, араас нь 153 оноотой Феррари бичигдэж байна.
ДАШТ-ий дараагийн гранпри 5-р сарын 28ны өдөр Монакод болно.
Г.Баяраа
Уншиж байна |