Манай сайтын редакцид хаяаглан ирүүлсэн тэшүүрийн спортын ахмад тамирчдын захидлыг бүрэн эхээр нь дор орууллаа. Нэгэн цагт их спортод хүч сэтгэлээ өгч явсан ахмадуудын өөрийн холбооны алдаа оноо, эв нэгдэл цаашид анхаарах зүйлсийн талаар залуу хойч үедээ хүргэсэн утгатай энэхүү захидлын агуулга болон дотор нь дурьдагдсан баримтыг захидал бичигч ахмадыг хүндэтгэн бүрэн эхээр нь ямар нэг засваргүй оруулж байгаа ба энэ нь Тэшүүрийн холбооны асуудлаарх манай редакцийн албан ёсны байр суурь биш болно.
Социализмын үед ч шилжилтийн үед ч Биеийн тамир спортын хороо гэж байлаа. Энэ хороо Монголын спортын бүхий л ажлыг өөртөө төвлөрүүлж олон жижиг холбоодын үйл ажиллагааг уялдуулан удирддаг байв. Тэр үед /хуучин нэрээр ЗХУ/ ОХУ-ын спортын агентлаг Монголын бүх спортын төрлүүдийг төлөөлж олон улсын холбоодтой харилцдаг байсан. Манай Тэшүүрийн холбоо ч мөн адил тусдаа бие даасан бүтцээр үйл ажиллагаа явуулдаггүй байсан юм. Тухайн үеийн Биеийн тамир спортын хороо тэшүүрийн спортыг арай түлхүү анхаарч нэг шийдвэр гаргасан байдаг. Тус хороонд ажиллаж байсан улсын дасгалжуулагч /энэ нь 4-5 спортыг улсын хэмжээнд хариуцдаг байв/ О.Эрдэнэ-Өлзий 1989 онд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу Монголын Тэшүүрийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-аар томилогдон, цулгай тамга гэрчилгээг хүлээн авсан байдаг.
Тэрээр юун түрүүн гадаад харилцааг анхаарч хагас зууны замналтай тэшүүрийн холбоо Монголд байгааг харуулахыг зорьж Олон Улсын Тэшүүрийн Холбоотой шууд харилцах эрхээ нээхийг зорьсон байдаг. Ингээд гадаад талд захиа хүсэлт илгээж байсны үр дүнд 1990 онд Швейцарын Берн хотод болох чуулга уулзалтад Монголын тэшүүрийн холбооны төлөөллийг оролцуулахыг дэмжиж, ОУТХ-ны ЕНБД хүлээн авч уулзахаа мэдэгджээ. Ийнхүү социализмын үеийн дэмжлэг, хөгжлийн замаасаа гээгдээд байсан Монголын тэшүүрийн Холбоо Олон улсын хэмжээнд гарч ирж үйл ажиллагаа нь сэргэх эхлэл тавигдсан. Энэхүү хуралд өдрийн нэг хувийн хүүтэй мөнгө зээлээд явсан О.Эрдэнэ-Өлзий чамлахааргүй үр дүнтэй уулзалтуудыг хийж 15000 ам долларын тэшүүрийн хэрэглэл материал авах болсон сайн мэдээтэйгээр эх орондоо ирж байсан.
Энэ зөв эхлэл цааш үр дүнгээ харуулж эхэлсэн. Тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад анхаарч тив дэлхийн тэмцээний дараалан бэлтгэл сургуулилтыг эхлүүлж чадсан. Өрнөл цааш үргэлжилж Монголын тэшүүрийн холбоо хөгжлийнхөө замыг олж үйл ажиллагаа нь тэлж байлаа.
Энэ холбоог амжилттай удирдаж байсан О.Эрдэнэ-Өлзийг Азийн тэшүүрийн холбоо өөрийн Дэд ерөнхийлөгчөөрөө сонгосон юм. Зөвлөхөөрөө Гүйлтийн тэшүүрийн Олимпийн аварга төрүүлсэн, Унгарын мэргэжилтэн Г.Яношыг урьж, Дэд ерөнхийлөгчөөр Р.Энхбат нарыг ажиллуулснаар МТХ-ны хөгжил шинэ шатанд гарч ирж байсныг дурсах сайхан байна. Тэд зах зээлийн тогтолцоонд шилжсэн нийгмийн өөрчлөлтийн үед тэшүүрийн холбоогоо нуруун дээрээ үүрч гарсан. Тэр үеийн зурвас жилүүдэд Монголын тэшүүрчид багаараа МТХ-ны нэр хүндийг өргөх ажлуудыг явуулж, Ази Тивийн аварга шалгаруулах тэшүүрийн анхдугаар тэмцээнийг 1995 он, мөн тивийн тэмцээнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох тэмцээний эрхтэйгээр 2000 онд өөрийн эх орны мөсөн талбайд амжилттай зохион байгуулсан. Азийн холбооны тэргүүлэгчдийн хурлыг 2 удаа эх орондоо зохион байгуулж чадсан нь бидний нэг том бахархал болж үлдсэн юм.
1996 он
1996 онд МТХ-ны их хурлаар олон жил үр бүтээлтэй ажилласан О.Эрдэнэ-Өлзийг Ерөнхийлөгчөөр, Р.Энхбатыг Дэд ерөнхийлөгчөөр сонгон үргэлжлүүлэн ажиллууллаа.
2000 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Азийн тамирчид нийт 15 рекордыг Монголын мөсөн дээр тогтоосон бөгөөд манай тамирчин Н.Ганболд медаль хүртсэн. Эдгээр том арга хэмжээнүүдийг зохион байгуулахад манай тэшүүрийн холбоо улсаас ямар ч санхүүгийн дэмжлэг аваагүй. Тэр үед улсаас дэмжлэг үзүүлэх боломжгүй байлаа.
Хандгайтын мөсөн гулгуурын талбай 2000 он. Азийн аварга шалгаруулах тэмцээн ба Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийн тэмцээний үеэр.
Энэ дундаас хамгийн ихээр онцлох үйл явдал бол Олон Улсын Олимпийн Хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ОУТХолбооны Ерөнхийлөгч ноён О.Чинкуанта өөрийн холбооны хөгжлийн хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан захирал Шаллокийн хамт, мөн Азийн тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч М.Х.Чанг нарыг у 2005 онд Монгол улсад анх удаа урилгаар айлчилсан явдал байсан юм. /зураг Ерөнхий сайдын өрөөнд/
Энэ айлчлалаар зочид тэр үеийн МУ-ын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой уулзалт хийж “Битүү дээвэртэй хиймэл мөсөн гулгуурын талбай бүхий Өвлийн спортын цогцолбор”-ыг Монгол улсад барьж байгуулах асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж туслахаа илэрхийлсэн байв.
Ингээд олон жилийн тэшүүрчдийн мөрөөдөл биеллээ олох найдлага бий болж 2005 онд Унгарын мэргэжилтэн Г.Янош, МТХ-ны Дэд ерөнхийлөгч Р.Энхбат нар “Битүү дээвэртэй хиймэл мөсөн гулгуурын талбай бүхий өвлийн спортын цогцолбор” байгуулах “INDOOR ICE-RINK” төслийг боловсруулан бэлэн болгосон байлаа. Бүр тодорхой ажлын өрнөл явагдаж Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 36500м2 талбайг Орон сууцны шинэ хорооллын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулан “Битүү дээвэртэй, хиймэл мөсөн гулгуурын талбайн газрыг БТСУХорооны нэр дээр авч чадав.
Нэг жижиг ТҮЦ барих гэж яаж гүйж хөөцөлддөг билээ гэж бодоход энэ бол маш том алхам. Тухайн цагийн Тэшүүрийн холбооны удирдлагын их зүтгэлийг харуулна.
Энэ нь ОУТХ-нд Монголын тэшүүрийн холбооны нэр хүндийг өргөсөн алхам болсон төдийгүй Монголын спортын холбоодын идэвхи, санаачлага, эрч хүчийг нэмэгдүүлж, дэлхийн томоохон арга хэмжээнүүд үргэлжлэх туг нь болсон байдаг. Монголын тэшүүрчдийн сэргэн мандал гэж болох энэ үеийн талаар багахан тодруулга нэмээд дараа нь энэ бүхнийг хэдхэн хүн хэрхэн нураасан талаар өгүүлэх болно.
Дахин онцлоход 2007 он бол Монголын тэшүүрчид үнэхээр дурсууштай сайхан жил. ОУТХолбооны /Олон улсын тэшүүрийн холбоо/, Тэргүүлэгч гишүүн, Азийн Тэшүүрийн Холбооны Ерөнхийлөгч Монгол улсад хийсэн айлчлалын үеэр Хандгайтад “Хиймэл мөсөн гулгуурын талбай бүхий тэшүүрийн спортын иж бүрэн цогцолбор”-ыг барьж байгуулах “HANDGAIT-ICE RINK” төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсоноо зарласан. Мөн Монгол улсын Засгийн газрын бодлогын баримт бичиг, УБ хотын ерөнхий төлөвлөгөөнд “Битүү дээвэртэй мөсөн гулгуурын ордон” байгуулах төслийг тусгуулсан байлаа.
Энэ бол 70 жилийн түүхтэй Монголын тэшүүрийн холбоо болоод тамирчдынх нь үе үеийн хамгийн том мөрөөдөл байв. Монголын тэшүүрчид битүү дээвэртэй орчин үеийн шаардлага хангасан мөсөн гулгуурын талбайтай болоход тун ойртсон ба бүх зүйл жин тан болоод байв. Мөрөөдөл биелэж тууз хайчлах нь бодитой болоод байсан ч ийм гоёмсог спортын ордон цогцолбор Нийслэлийн хаана ч баригдаагүйг та бид мэднэ.
Гай -нууд газар дороос ...
Энэ үед гадаад харилцааг амжилттай хөгжүүлж Монголын тэшүүрчдийг тив дэлхийн тэмцээнд бэлтгэх замыг засаж эхэлсэн Ерөнхийлөгч О.Эрдэнэ-Өлзийг 2004 онд Азийн тэшүүрийн холбоо Дэд ерөнхийлөгчөөрөө сонгож мөн 2008 онд улираан сонгожээ. Энэ үед Монголын тэшүүрийн холбооны ажил ч гялалзаж байлаа. МТХ 1990 оноос хойш эрэгтэй, эмэгтэй тамирчдаа Өвлийн олимпийн их наадамд 3 удаа, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 5 удаа, Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 5 удаа, Азийн өвлийн тоглолтод 8 удаа, Азийн тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа, Дэлхийн оюутны универсиадад 5 удаа, Олон улсын тэмцээнд 40 гаруй удаа оролцуулаад байсан юм.
Тэшүүрийн холбооны удирдлага дотоод ажилдаа анхаарч удирдлагадаа зарим нэг шинэ хүнийг оруулж ирсэн байдаг. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн тэшүүрийн шигшээ багт тамирчин байсан Ч.Дагвадорж гэх залууг ЕНБД –аар сонгохоор яригдав. Энэ залуу Ерөнхийлөгч О.Эрдэнэ-Өлзий нар дотно найзууд нэг үеийн тамирчид байжээ. Тийм болохоор л хажуудаа авч итгэл хүлээлгэн тэшүүрийн холбооныхоо гол багана Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон болов уу. Солонгост ажил хийж байгаад нутагтаа ирсэн Ч.Дагвадорж тэшүүрийн холбоонд яагаад орох болсон хувийн шалтгааныг сайн мэдэхгүй юм. Ерөнхийлөгч байсан О.Эрдэнэ-Өлзий нарын тэр үеийн удирдлага түүнийг дэмжсэн байдаг. Харин яагаад ч юм Ч.Дагвадорж дараа нь ид ажил нь цэгцэрч яваа тэшүүрийн холбооны эрх мэдлийг өөртөө авахаар хөдөлж эхэлсэн байдаг юм. Өөрийг нь дэргэдээ татаж авсан найз О.Эрдэнэ-Өлзийгөө Ерөнхийлөгчөөс буулгах асуудал тавьж эхэлсэн ба Энэ “ажиллагаа”-г 2007 онд эхлүүлэн ажлаа өгөх шахалт үзүүлж эхэлсэн.
Ийнхүү Азийн тэшүүрийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод байсан О.Эрдэнэ-Өлзий 2009 онд МТХ-ны 50 жилийн ойгоо тэмдэглэх ажлыг зохион байгуулсны дараа ээлжит бус хурал зарлан хуралдуулж, ямар ч эсэргүүцэлгүй ажлаа өгөх болсноо мэдэгджээ. Тэгээд үүнийгээ хэрэгжүүлж 2010 онд ажлаа өгчихлөө. Найздаа л итгээд удирдлагаа шилжүүлсэндээ гэж дурсаж байв.
Энэ үед манай тэшүүрийн холбоо Монголд тэшүүрийн спорт үүсч хөгжсөний 75 жил, МТХ байгуулагдсны 45 жилийн ойгоо тэмдэглэж түүхийн ном, сэтгүүл, архив, видео киногоо хийж чадсан хамт олон юм. Ийм өндөр жилийн ойтой, арвин их намтар түүхтэй холбоо Монголдоо цөөхөн гэдгийг энд бахархан дурсмаар.
Үүгээр хэлэх гэсэн гол зүйл бол Ч.Дагвадорж нь зүгээр л нэг ажил нь унасан холбоог аваагүй бусад спортын холбооддоо үлгэр жишээ болсон 2003, 2004, 2005, 2006 онуудын “Шилдэг холбоо”, 2005 оны “Шилдэг менежер”-ээр Р.Энхбат, 2006 оны “Шилдэг ЕНБД”-аар Г.Болд зэрэг ажилсаг багтай. Хэзээ мөдгүй маш том мөсөн талбай, амралт чөлөөт цагийн битүү дээвэртэй стадионтой болох бүх юмыг нь бэлдчихсэн, 1-р зэргээс дээш зэрэг цолтой тамирчин дасгалжуулагч мөн удирдлагын багийг оролцуулаад 300 гаруй гишүүдийг өөртөө багтаасан. Ази тивдээ нэр төртэй өмнө нь хэзээ ч хэрүүл, шуугиан болж байгаагүй сайхан холбоог ямар ч өрсөлдөгчгүй хүлээн авсаныг сануулах юун.
Ч.Дагвадорж ажлаа авсан эхний жилүүдэд ч урьд хийсэн хэлцсэн ажлын үр дүн гарсаар мөнгө санхүүгийн асуудлууд шийдэгдсээр байсан. Битүү дээвэртэй ордон барих газар нь шийдэгдсэн. Мөн 2011 оны төсөвт Эрүүл мэнд спортын Сайд зураг төслийн хөрөнгийг суулгуулж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарлуу шилжүүлсэн байлаа. Эрүүл мэнд спортын Сайд С.Ламбаа нь монголын хүүхэд залуучуудыг битүү дээвэртэй мөсөн гулгуурийн талбайтай болгоход маш ихээр анхааран ажилласан хүмүүсийн нэг юм. 2012 онд АН төр барьж энэхүү ажил амжилттай хэрэгжүүлэх хөрөнгө санхүүг шийдэхэд онцгой анхаарсан сайд бол Эдийн засаг хөгжлийн Сайд Н.Батбаяр байсныг тэшүүрчид ярьдаг. Төр спортыг дэмжиж төсөв мөнгийг томоор суулгаж байсан. Энэ үед төсөвт анх удаа тэшүүрийн спортыг төр дэмжиж битүү дээвэртэй мөсөн талбай барих 9 тэрбум төгрөгийг баталж өгсөн байна. Тухайн үед холбооны жирийн гишүүд тамирчдын хувьд бараг хэн дарга удирдлага болох нь тийм ч чухал байгаагүй байх. Харин олон жилийн турш харж хүлээж байсан битүү дээвэртэй гулгуурын талбайтай ордонгоо сүндэрлээсэй гэж харцгааж байсан.
Энэ бүх мөрөөдлийг маань хоёр “Да” буюу Ч.Дагвадорж Ц.Даваасүрэн / УИХ-ын гишүүн/ нар амархаан нураачихсан юм.
Ч.Дагвадорж тэшүүрийн холбоонд ирсэний дараагаас холбооны гишүүдийн дунд болсон бүх маргаан зөрчил түүний үр дагаврыг тоочин дурдах нь илүүц биз. Харин шинэ удирдлага нь юу хийж өмнөх багаасаа юугаар илүү ажилласан бэ гээд түүх, тайланг нь харахаар харамсах зүйл их. Эвээ эвдвэл гэрээ нураахын жишгээр энэ цагаас МТХ /Монголын тэшүүрийн Холбоо/ уруудаж ирсэн байдаг. Энэ дунд олон нийт сайн таних ба хожмоо манай тэшүүрийн холбооны гишүүд тамирчид тун тааруугаар дурсах болсон УИХ-ын гишүүн, тухайн үеийн бие даагч, Төсвийн байнгын хорооны дарга асан Ц.Даваасүрэн орж ирсэн байдаг. Ч.Дагвадорж Ерөнхий нарийн бичгийн дарга, Ц.Даваасүрэн / Их хурлын гишүүн / МТХ-ний ерөнхийлөгч болж баг болон ажилласан юм. Төрийн түшээ Ц.Даваасүрэн энэ үед манай холбооны ажилд хэрхэн хандсан нь их сонин. Төсвийн байнгын хорооны дарга хүн гэхэд өөрийн удирдаж байсан нэг Төрийн бус байгууллагын гайхмаар гажигтай санхүүгийн завхарлыг хараагүй мэт үлдээсэн. Чухам юу энэ хүнийг МТХ-г сонирхоход хүргэснийг хэлж мэдэхгүй. Ямарч байсан нэрийг нь ашиглах төдий ерөнхийлөгч байж, Монголын тэшүүрчдийн 50 жилийн хийж босгосныг 48 сард амархан нурааж чадсаныг гайхаж сууна.
Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Ч.Дагвадорж хамгийн түрүүнд аавынхаа төрсөн дүүгийн хүүхэд болох Д.Энхбаярыг АНУ-аас “хар ажил” -ыг орхиулж яаралтай татсан гэдэг. Дуудаж ирээд зүгээр ч нэг баруун гар туслахаа болгох санал тавьсангүй. Бүр шууд Шигшээ багийн дасгалжуулагч болгон дэвшүүлэв. Энэ нь тухайн үедээ Д.Энхбаяр өөрөө ч цочмоор үйл явдал болсон байх. Учир нь Д.Энхбаяр нь нэг ч шавь гараас гаргаж үзээгүй ба өөрөө ч улсын аваргад нэг ч удаа магнайлж үзээгүй, шигшээд тамирчин байсан намтаргүй. Гэхдээ дам ах дүүгийн хаялага юм уу, татаасаар нэг л өдөр суга явж шигшээ багийн дасгалжуулагч болчихсон.
Ямар нэг туршлага өөрийн баг тамирчингүй дасгалжуулагчийн ядмаг аргаар Д.Энхбаяр юун түрүүн амарчлах буюу “бэлэн” тамирчин татаж эхэлсэн. Хэдэн жил бэлтгэл хийлгэж, гаргаж ирсэн өндөр бэлтгэлжилтэй 10-аад тамирчдыг Г.Яношоос 2008 оны намар шилжүүлэн авч 2009 оны өвөл Канад улсад тэмцээнд авч явснаар анхны нэр хүндийг олж авсан. Г.Яношийн зүүх алдрын титмийг өөртөө зүүсэн хэрэг. Гэхдээ өнөөх халж явуулсан Г.Яношоор тамирчдынхаа бэлтгэлийн төлөвлөгөөг гаргуулж, заавар зөвлөгөө авч байлаа.
Яношоос гэнэт “булаагдсан”тамирчид дасгалжуулагч Д.Энхбаяртай удаан ажиллаж тэвчээгүй. Түүний ёс зүйгүй харилцаанаас болж ид амжилт гаргах 17-21 насандаа ирсэн бүх тамирчид нь тарж бутран хувь хувийн амьдралаа хөөн спортын карьераа дуусгасан. Хожим нь буюу 2017 онд Монголын тэшүүрийн спортын түүхэнд сэргээш допинг хэрэглэсэн анхны ёс зүйгүй үйлдлийг Д.Энхбаяр дасгалжуулагчтай үлдсэн ганц тамирчин нь гаргасан байдаг юм. Энэ бол монголын тэшүүрчид, монголын тамирчдын нэр хүндийг олон улсын түвшинд арилгах аргагүй хараар будсан үйлдэл болсон юм.
Ч.Дагвадорж Ерөнхий нарийн бичгийн дарга болсноор тун ах дүүсэг удирдлагын багийг бүрдүүлсэн. Тэшүүрийн холбооны нягтлангаар ээжийнхээ төрсөн дүү Баясгаланг, Шигшээ багийн дасгалжуулагчаар аавынхаа дүүгийн хүүхэд Д.Энхбаярыг тавьсан. Ийм явцуу нэгдэл нэг хамт олныг, бүхэл бүтэн салбарыг ч самрах нь байдаг. Тэр л жишгээр тэшүүрийн холбоо түүний санхүүжилт удирдлагын ах дүүс, анд нөхдийн хоол зууш, аялал зугаалгын товчоо болон хувирсан түүхийг харж болно. “Сочи-2014” Өвлийн Олимпийн эрх авч чадаагүйн улмаас Тэшүүрийн спортын насанд хүрэгчдийн үндэсний шигшээ баг татан буугдсан. Гэтэл олимпийн эрх хийх “эрэл хайгуул” хийнэ хэмээн хоёр тамирчин дагуулсан Д.Энхбаяр дасгалжуулагч гадаад орнуудаар байнга явах болсон. Тэмцээнд тамирчдаа явуулж байсан асуудал ч хэл ам ихтэй болоод ирсэн. Залуучуудын Өвлийн Анхдугаар Олимпийн наадамд оролцох эрх олгодог тэмцээний нормативыг биелүүлчихсэн бэлэн тамирчныг орхиж, зориудаар норматив биелүүлээгүй тамирчныг эрх биелүүлэх нэрийн дор гадаадын 3 улсад, өндөр зардлаар авч явсан. Ингэж явахдаа тамирчин нь хувиараа хоол ундаа хариуцаж байсан байх жишээтэй. Дасгалжуулагч бас их нарийн мөнгөө барьдаг байсан бололтой. Энэ олимпийн эрх авах бэлтгэл хийх нэртэй “зугаалгыг” Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дагвадорж, дасгалжуулагч Д.Энхбаяр нар өөрсдөө ээлжлэн явсан байдаг.
Монголын Тэшүүрийн Холбооны Ээлжит бус ба Ээлжит хоёр их хурлын хооронд буюу 2010-2014 онд холбоогоо авсан удирдлага Монголын тэшүүрийн Холбоонд юу үлдээв.
Дээр дурьдсан дөч тавин жил ярьж ирсээр баригдахад бэлэн болоод байсан “Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбай” барих ажил бусад мөсний спортын холбоодтойгоо нэгдэн хамтарч ажиллаагүйн улмаас нурсан байлаа. Энэ том ажлыг эхлүүлэхэд Ч.Дагвадорж нарын баг хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Магадгүй энд сэтгэл дутсан гэхээсээ илүүтэй том төсөл явуулах мэдлэг чадвар дутсанаас хаясан ч байж магадгүй. Ямартай ч урьд жилүүдэд хийсэн шинэ ордон мөсөн гулгуурын талбай тавих ажил нь эзэнгүйдэж, энэ төслүүд цааш явах ямарч найдваргүй болсон.
Хан-Уул дүүргийн “Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбай байгуулах зориулалттай” газар нь улсын төсвийн хөрөнгөө ашиглаж чадаагүйн улмаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2014 оны А/482 дугаар Захирамжаар хүчингүй болжээ. Монголд “Өвлийн цогцолбор ордон” барих зориулалтаар 2013 онд 9,4 тэрбум төгрөгийг УИХ, ЗГ дэмжин Улсын төсөвт суулгасан байсныг ашиглаж чадалгүй буцаагаад татуулжээ. Битүү дээвэртэй талбайн төслөө нураагаад зогссонгүй. Хандгайтын амны МТХ-ны Мөсөн гулгуурын талбайн газрын татварыг хуулийн дагуу нэг ч удаа төлөөгүйн улмаас зөвшөөрөл нь хүчингүй болж, газраа алдсан байж. Хэлсэн ярьсандаа хүрдэггүй, хоорондоо бие биенээ байнга муулан үгүйсгэх тул гадаад харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр үр дүнтэй өрнөж байсан ажил зогсчээ. Тэшүүрийн ахмад мастеруудын дунд 10 гаруй жил уламжлал болгон зохион байгуулж ирсэн тэмцээнийг орхигдуулж, үе үеийн тэшүүрчдийг мөсөн талбайд ирж, хийморио сэргээн уулзуулахаас зайлсхийж иржээ.
Тамирчдын хувьд ч хүнд байсан. Шигшээ багийн дасгалжуулагчаар 2008 оноос хойш ажилласан Д.Энхбаяр 2010, 2014 оны Өвлийн Олимпид нэг ч тамирчин оролцуулж чадаагүй. Гэтэл 2011-2013 онд улсын төсвөөс жил бүр өгдөг мөнгө улам бүр нэмэгдэж оргил үедээ хүрч байсныг санхүүгийн баримт харуулдаг.
Ингэж Монголын тэшүүрийн Холбооны өмнөх удирдлагуудын 15 жилийн хөдөлмөрийн үр дүнг нэр бүхий хэдхэн хүн нураасан. Түүнчлэн Монголын үе үеийн тэшүүрчид, хүүхэд залуучуудын хүсэл мөрөөдлийг нурааж, нийгмийн хариуцлагагүй ажилласныг харуулах баримт даанч олон юм билээ.
Ц.Даваасүрэн Ерөнхийлөгч, Ч.Дагвадорж нарын тэшүүрийн холбоог удирдах үед Удирдах зөвлөлийн гишүүд цөөрсөн. Улсын бүртгэлээс хасуулчихсан байжээ. Үүгээр тэд ямарч хяналтгүй ажиллах бололцоог олж авсан байдаг. Тухайлбал хоёр гишүүн хуулийн хариуцлага хүлээн хэцүү нэртийнд орсон. Гурван гишүүн нь нас барсан зэргээр Удирдах зөвлөл үндсэндээ байхгүй болсон байхад нөхөн сонгууль зарлаж явуулсангүй. Удирдлагын санхүү болон үйл ажиллагааг хянаж шахаж байх ёстой Удирдах зөвлөлийн хурал 2013, 2014 онуудад тасарсан байв.
Тэд 2014 оны МТХ-ны ээлжит их хурлаар МТХ-ны удирдлагаас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон боловч өөрсдийн хийсэн алдаа завхарлаа нуун дарагдуулах зорилготой ч юм уу, эсвэл бүүр тэшүүрийн спортыг элгээр нь хэвтүүлэх зорилготой ч юм уу 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа дахин МТХ-ны удирдлагыг хууль бусаар гартаа авахаар төрөл бүрийн “ажиллагаа” зохион байгуулж байсан нь үнэхээр ёс зүйгүй байдлыг нь харуулсан. Холбооны ажлыг авсан шинэ удирдлагууд болон тэдний гэр бүл, үр хүүхдийн алдар, нэр төрийг унагаасан гүтгэлгийн шинжтэй, худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад сойшал мэдээллээр өгч манай холбооны тэшүүрийн хамт олонд тараах ажлыг маш чадмаг явуулсаар ирсэн. Мөн 2016 оны 4 сард МТХ-ны нэр, логог ашиглан хууль бусаар хурал нэртэй хуйвалдаан зохион байгуулж, шинэ удирдлагуудын хуулийн дагуу Улсын бүртгэлийн газраас авсан шинэ гэрчилгээ, тамга, өмч хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж байсан юм. Ямар их зүйлийг эд нураалаа. Түүндээ огтхон ч дүгнэлт хийсэнгүй. МТХ-ны гэрчилгээ, тамгыг хурдан өгөхгүй бол та нарыг нүдний булай болгоно гэх зэргээр дарамт шахалт үзүүлж, МҮОХ-нд хуулийн дагуу түрээсийн гэрээ байгуулан төлбөрөө төлөн ашиглаж байгаа МТХ-ны өрөөний хаалгыг бүтэн 3 сар лацдан, холбооны үйл ажиллагааг санаатайгаар саатуулж байсан. Уул нь эдгээр нөхдийг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан зохион байгуулахад зориулан төсвөөс өгсөн мөнгийг хэрхэн зарцуулсныг шалгаж хариуцлага тооцох байсаан. Гэтэл харин буруутнууд холбооны өмч хөрөнгийг хувьдаа ашиглаж байна гэх мэтээр гүтгэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, Захиргааны хэргийн шүүх, Авилгатай тэмцэх газруудад удаа дараалан өргөдөл гомдол гарган гүйж байсан юм. Бас өөр хүний нэр барьж, хуурамч гарын үсгээр Авилгатай тэмцэх газарт өргөдөл гаргаж өгсөн байсан ч гэж дуулдсан. Харин хууль хяналтын байгууллагууд холбогдох хуулийн дагуу шалгаж, хэрэг үүсгэхээс татгалзсан тухай хариунууд өгч байсан юм билээ.
Тэшүүрийн спортыг хөгжүүлэх ганц зорилготой энэ байгуулагаас өөр юугаа тонших гэж ингэж булаалддаг юм бол гэж ахмадууд бид их гайхаж суугаа юм..
Ч.Дагвадорж ерөнхий нарийн бичгээсээ бууж халагдахдаа тэшүүрийн холбооныхоо нөүтбоок, фото аппаратыг өгөхгүй аваад явчихсан гэх юм. Ямар удирдлага гэхээрээ ийм сэтгэлтэй, элэг буруу байдаг юм бол.
Энэ нөхдүүдийг явуулсаны дараа 2015-2016 оны өвлийн тэмцээн гэхэд манай тэшүүрийн холбооны данс улайсан байх. Шинэ удирдлага уралдаанд зориулан хувиараа зээл авч 30 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг. Тэгээд ч зогсохгүй МТХ-ны 2010-2015 оны санхүүгийн болон үйл ажиллагаанд хөндлөнгийн Аудитын шалгалт оруулсан байдаг. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/21 тоот аудитын 17 зүйл бүхий зөрчлийн тухай болон зөрчлийг арилгах тухай дурьдсан дүгнэлтээс харахад санхүүгийн баримт нь хүчин төгөлдөр бус, тайлан балансаа гаргадаггүй явж ирсэн зэрэг Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй холбогдох хуулиудын олон зүйл заалтууд зөрчигдсөнийг дурьджээ. Тухайлбал:
- 2013-2014 онуудад Улсын аварга шалгаруулах тэмцээний тамирчдын шагналаас үндэслэлгүйгээр 10-30 хувийг суутган авсаныг нөхөн олгож тамирчдыг хонхиролгүй болгох эрга хэмжээ авах ... гэсэн байдаг.
- Газ-66 машины 11.600,8 мянган төгрөгийн хайрцаган мотор, сэлбэгийг шинээр тавьсан боловч өнөөдрийн байдлаар машины мотор хуучин байгаа тул техникийн дүгнэлт гаргуулж буруутай нь тогтоогдвол буруутай этгээдээс сэлбэгийн үнийг нөхөн төлүүлэх .. гээд ... төгсгөлд :
.... 2010-2014 онуудад холбооны санхүү хөрөнгийн асуудал эмх замбараагүй, жил бүр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргаагүй, 2 тамга зэрэгцүүлэн ашиглаж байсан. Санхүүгийн зарим бэлэн мөнгөний баримтууд үндсэн бус, хувилж ашигласан байдлууд нь хуурамч сэдэлтэй байх магадлалтай тул холбогдох хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй болно ...гэж аудитын дүгнэлтэд онцолжээ.
Мөн булаацалдаад байсан МТХ нь улсын бүртгэлд хайтал олдсонгүй. Гайхан дахин дахин Бүртгэлийн байгууллагаас лавлагаа автал МТХ нь улсын бүртгэлд гарч ирсэнгүй. Гэтэл санхүүгийн баримт дээрээ зэрэгцүүлэн хоёр өөр регистр бүхий хоёр тамгатай үйл ажиллагаагаа явуулж ирсэн байв. Харьяа дүүргийн татвар, нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлгүй байсан гэх юм. Санхүүгийн тайлан баланс огт гаргаагүй байлаа.
Бадарчин явсан газар балагтай гэдэг. Их л үрэлгэн нөхдүүд байсан юм байна. 2014 он нийт 6 тэмцээн зохион байгуулж 60,1 сая төгрөг зарцуулсан тайлан гаргасан байдаг бол 2016 онд Д.Болормаа нарын шинэ удирдлага 6 тэмцээнийг явуулахад ердөө 14,8 сая төгрөг зарцуулаад хийчихэж байлаа.. / Хүснэгт харуулах/
Ч. Дагвадорж нарын багын ёс зүйгүй үйлдэл тэшүүрийн холбооны нэр хүндийг гадаадад ч унагааж байсанд ахмадууд үнэхээр харамсдаг юм. Дасгалжуулагч Д.Энхбаяр нь 2015 оны 11 сард Дэлхийн залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох үедээ Голланд улсад зочид буудлынхаа мөнгийг төлөлгүй гараад явсаны дараа тухайн зочид буудлаас удаа дараалан мөнгөө төлөхийг шаардсан бичиг захиа ирж байсан гэнэ. Мөн 2016 оны 6 дугаар сард болсон ОУТХ-ны их хурал дээр яригдаж, монголын төлөөлөгчөд сануулсан байна. Энэ бол дасгалжуулагч хүний хувьд арай дэндүү ёс зүйгүй ба МТХ манай тамирчдын нэр хүндийг олон улсад гутаасан тун арчаагүй үйлдэл байлаа.
Дараагийн удирдлага ба Хоёрдугаар ээлж
МТХ-ны бүх гишүүдийн ээлжит их хурал 2014 оны 11 сарын 08-ний өдөр зохион байгуулагдаж, өмнөх удирдлагууд буюу Ерөнхийлөгч Ц.Даваасүрэн /УИХ гишүүн/, ЕНБД Ч.Дагвадорж нарыг Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж шинэчилсэн. Яг дотоод нарийн зөрчлийг нь энд тоочин бичих боломжгүй. Тэмдэглэл баримт хурлын протоклоос харахад гишүүд хэд хэдэн зүйлээр удирдлагаа солих үндэслэлийг тавьсан байдаг. Ч.Дагвадорж нарын үйл ажиллагаанд хангалттай алдаа дутагдал байсныг дээр дурьдсан. Тэр үеийн хуралд оролцогчид Ерөнхийлөгч Ц.Даваасүрэнгээс ганц зүйлийг гайхан асуусан байдаг. Урьдах удирдлагын өөд нь татсан амжилт, эхлэхэд бэлэн болгосон бүтээн байгуулалтыг яаж ингэж хурдан нурааж чадав. Та бүхэн боломжоо ашиглаж чадсангүй. Энэ алдаагаа засаж цаашид юу хийж ажиллах вэ ...гэж.
Гэхдээ Ч.Дагвадорж нарыг алдсан боломжийг сэргээж битүү дээвэртэй мөсөн талбай барих ажлыг дахин сэргээж чадна гэвэл улираан сонгоё гэсэн тэшүүрчдийн нэхэл хатуутай санал хүртэл гарч байв. Үүнд Ц.Даваасүрэн ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дагвадорж нар шууд “боломжгүй” гэж хариулсан. Ингээд тэд хариуцлагаас ухарч, алдаагаа засахаас зайлсхийсэн тул удирдлагаас буусан. Гэвч ард нь Монголын тэшүүрийн спортын холбоо хохирч үлдсэн. Ц.Даваасүрэн гишүүний хувьд энэ холбоонд ямар сонирхлоор ирээд, юу үлдээсэн бэ гэдэг тэшүүрийн холбооны хувьд эргэлзээтэй асуудал болж үлдсэн. Дүрмээрээ тэшүүрийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд жил бүр 2.0 сая төгрөг холбоондоо хандивлах үүрэгтэй. Тэгэхэд Ц.Даваасүрэн гишүүн холбооны Ерөнхийлөгч хэрнээ энэхүү хандиваа төлдөггүй байсан. Үүний учрыг асуухад” би хувиасаа нэг төгрөгч гаргахгүй. Төсвөөс бол мөнгө гаргуулахыг бодно” гэсэн утгатай хариулсан байдаг. Холбоог маш ядмаг үзэх ба хувиасаа мөнгө өгөхгүй гэж суудаг энэ түшээ эргээд МАН- даа орж дахин сонгогдсон шигээ МҮОХ болон бусад спортын холбоод, олон улсын чанартай байгууллагын ерөнхийлөгч даргын сонгуульд нэрээ дэвшүүлээд яваад байдаг нь их сонин. Яагаад ...?
2014 оны 11 сарын 08-ний өдөр болсон холбооны хурлаас Монголын Тэшүүрийн холбооны шинэ удирдлага тодорч Төв цэнгэлдэх спорт клубыг байгуулан ажиллаж байсан “Төв цэнгэлдэх” ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Нямдавааг Ерөнхийлөгчөөр сонгов. Тэрээр 2013 оноос дасгалжуулагч Ж.Долгорсүрэнтэй хамтран тэшүүрийн клубээ байгуулан хоёр талаасаа хөрөнгө санхүүжилт, цаг хугацаа, хөдөлмөр хөлс хүчээ зориулж байсан нь жил гаруйхан хугацаанд Монголын тэшүүрийн спортын түүхэнд гараагүй огцом амжилтуудыг гарган, тодорхой үр дүнд хүргэсэн нэгэн байлаа.
Холбооны Ерөнхийлөгч байсан Ц.Даваасүрэн /УИХ гишүүн/, ЕНБД Ч.Дагвадорж нарын араас гарч ирсэн Т.Нямдаваа нар тэшүүрийн холбоог мөн л мөнгө хөрөнгө гулгуулах, ашиглах завших санхүүгийн нэг боломж болгож ашигласан байдаг. Шинэ ерөнхийлөгч Т.Нямдаваа МТХ–ны өмч хөрөнгийг мөн л хяналтгүй захиран зарцуулсан. Дараа нь санхүү мөнгөний булхай нь ил болсоныг харахад улс төрийхний ярьдгаар тэшүүрийн холбоонд хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орсон мэт харагддаг.
Холбооны мөнгийг хувийн компанидаа болон Төв цэнгэлдэхийг түрээсэлж буй компаниудаар дамжуулан хуурамч гэрээгээр халхлан завших ажиллагаа хийсэн баримтууд хожим ил болсон.
Иймэрхүү бусармаг үйлдлийг хийхэд хамгийн их саад болох шударга, нэр хүнтэй, дотоод ажлыг сайн мэддэг, социалист школтой ганц дасгалжуулагч нь Ж.Долгорсүрэн байсан тул яаралтай явуулсан гэж харж болохоор. Т.Нямдаваа Ерөнхийлөгчийн томилгоо багаа бүрдүүлсэн байдал мөн л явцуу ба ашиг сонирхлын зөрчилтэй. Ерөнхий нарийн бичгийн даргаар М.Мөнхцэцэгийг томилсон боловч МТХ-ны XII их хурлын тогтоол гаргахдаа тус холбооны өмнөх Удирдах зөвлөлийн гишүүд /хуулийн хариуцлага хүлээж хэцүү нэртийнд орсон 2 хүн, нас барсан 3 хүн, УИХ-н гишүүн зэрэг/ олон хүний гарын үсгийг өмнөөс нь өөрөө зурсан, тус холбоог Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 2010 онд батлагдсан МТХ-ны Үндсэн дүрмийг компьютерт шивж чадахгүйн улмаас гишүүдэд танилцуулагдаж батлагдаагүй, шинээр боловсруулж байсан дүрмийг өгсөн, мөн гурван үйлдэлт принтерийг эвдсэн зэрэг алдаа дутагдал гаргасан тул арван дөрөвхөн хоногийн дараа ажлаас нь чөлөөлсөн. Улмаар дөнгөж сургууль төгссөн нэг залууг томилон ажиллуулсан. Энэ нь түүнд хуурамч гэрээ хийх өмч хөрөнгийг зүй бусаар зарцуулахад дөхөмтэй болгосон байх. Мөн тэшүүрийн холбоог гэр бүлийн бизнес мэт харж санхүүгийн хэргийг охиндоо хариуцуулж, гадаад харилцааг хүүдээ өмчлүүлжээ. Холбооны тамга нь харин нэр нэгтэй төрсөн дүү нь болох Т.Нямдаваагийн гарт эргэлдэж байж. Дээр нь амжилтаа ахиулахын тулд хувиараа хөрөнгө санхүүжилт гаргаж гадаадад удаан хугацаагаар бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцох хүсэлтэй тамирчдыг хүртэл дэмжихгүй, хавчин боох үйлдэл гаргаж байсан.
Энэ үед дасгалжуулагчийн ажлын үзүүлэлт болоод нэр хүндийн хувьд уналтад ороод байсан Д.Энхбаяр шинэ Ерөнхийлөгч түүний төрсөн дүү нэр нэгтэй Т.Нямдаваа нартай тун их дотносчээ. Тодорхой явцуу зорилготой хуйвалдаанд татагдан оролцсон байх ч талтай. Улмаар шинэ ерөнхийлөгч өөрөө хөрөнгө гарган босгож хамтран ажиллаж байсан дасгалжуулагч Ж.Долгорсүрэнгээ тэшүүрийн спортын талбайгаас явуулах шийдвэр гаргаснаа Ерөнхийлөгч болоод 4-хөн сарын дараа хэлжээ. Энэ шийдвэр ямар үр дагавартай байв.
Ингэснээр Д.Энхбаяр шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдоход өрсөлдөгчгүй болж, Ж.Долгорсүрэн дасгалжуулагчийн бэлтгэсэн өндөр зэрэг цолтой “бэлэн” 10-аад тамирчдыг өөртөө авч, олимпийн эрх авах нэрээр гадаадад зугаалах боломжоо гурав дах удаагаа хадгалж үлдсэн. Энэ бүхний ард 2018 оны Олимпод оролцохоор зорилго тавин, цаг хугацаа, хөлс хүчээ зориулан бүтэн 4 жилийн нэгдсэн системтэй бэлтгэл сургуулилт хийж байсан 10-аад тамирчны бэлтгэл тасалдаж, боломж нь алдагдсан гэж энэ спортыг мэдэх хүмүүс хэлдэг. Энэ бол нэг дасгалжуулагчийн гадаадад зугаалах хоббитой харьцуулшгүй хохирол.
Дасгалжуулагч Ж.Долгорсүрэн болон Д.Энхбаяр нарын 2013-2016 оны ажлын үр дүнгийн харьцуулалт
Ажлын үзүүлэлт |
Дасгалжуулагч Ж.Долгорсүрэн |
Дасгалжуулагч Д.Энхбаяр |
Бусад дасгалжуулагчид |
Улсын хэмжээнд |
|
Монгол улсын рекорд шинэчилсэн тоо
|
2012-2013 он |
2 |
18 |
1 |
21 |
2013-2014 он |
62 |
1 |
8 |
70 |
|
2014-2015 он |
20 |
6 |
1 |
27 |
|
2015-2016 он |
7 |
7 |
1 |
15 |
|
МУ-ын Зэрэг цол биелүүлсэн тамирчдын тоо, 2013-2016 он |
ОУХМастер |
5 |
2 |
1 |
8 |
Спортын мастер |
8 |
3 |
4 |
15 |
|
Спортын дэд мастер |
6 |
1 |
10 |
17 |
Дасгалжуулагч Ж.Долгорсүрэн болон Д.Энхбаяр нарын 2010-2016 онд зарцуулсан санхүүжилтын харьцуулалт
Санхүүжилтын эх үүсвэр |
Дасгалжуулагч Ж.Долгорсүрэн |
Дасгалжуулагч Д.Энхбаяр |
||
Гадаад, дотоод цугларалт, тэмцээний зардал, 2010-2016 он |
БТСХ, БТСГ, МҮОХ, МТХ нийт |
10,0 сая төгрөг |
350-400,0 сая төгрөг |
|
Хувиасаа болон хандив |
50,0 сая төгрөг
|
- |
||
Цалин хөлс, мян.төг/сард |
2012-2013 он |
- |
ҮШБ-500,0 мян.төг, Алдар СХ-400,0 мян.төг, МТХ-250,0 мян.төг, Нийт 1,15 сая төг |
|
2013-2014 он |
МТХ-350,0 мян.төг |
ҮШБ-500,0 мян.төг, Алдар СХ-400,0 мян.төг, МТХ-250,0 мян.төг, Нийт 1,15 сая төг |
||
2014-2015 он |
НБТСГ-200,0 МТХ-140,0 Нийт 340,0 мян.төг |
Алдар СХ-400,0 мян.төг, МТХ-200,0 мян.төг Нийт 600,0 мян.төг |
||
2015-2016 он |
- |
Алдар СХ-400,0 мян.төг, МТХ-200,0 мян.төг Нийт 600,0 мян.төг |
||
2016-2017 он |
- |
ҮШБ-500,0 мян.төг, Алдар СХ-400,0 мян.төг Нийт 900,0 мян.төг |
||
Эх үүсвэр: МТХолбооны 2010-2014 оны тайлан, илтгэл, дансны хуулга, тэмцээний протоколууд.
/2011-2013 онд ҮШБА-аас жил бүр улсын төсвөөс 24-26 сая төгрөгийг цалинд, арга хэмжээний зардалд 100-120 сая төгрөгийг зарцуулсан гэж тайлагнажээ. Тухайлбал, ҮШБА-аас 2013 онд тамирчин Г.Ууганбаатар, Д.Дэлгэрмаа, дасгалжуулагч Д.Энхбаяр нарт 117,0 сая төгрөг зарцуулжээ/
Т.Нямдаваагийн дээрх үйлдэл Монголд тэшүүрийн спортыг хөгжүүлэх биш, устгах бодлогоор хийж байгаа дүр зураг харагдаж байв. Үүнд МТХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандахад хамт олны өмнө хүлээсэн үүргээсээ няцаж халагдах өргөдөл бичиж өгсөн нь МТХ-нд урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой харамсмаар үйл явдал болсон.
Нэгэнт тун муу ажилласан удирдлагын санхүү мөнгөтэй холбоотой асуудал үүсээд ирэхээр манай танайхаас болсон гэсэн үг хэрүүл тасрахгүй үргэлжилж байсан тул шинээр бүрэлдсэн холбооны удирдлагын Т.Нямдаваа нарын үйл ажиллагаанд Аудитын хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэснээс товч дурьдвал:
- МТХ-ны бүх гишүүдийн их хурлаас Ерөнхийлөгчөөр Т.Нямдаваа нь 2014 оны 11-р сарын 8-ны өдөр сонгогдон 14 хоногийн дараа ажлаа хүлээж авсан. Мөн ЕНБД Ж.Мягмардорж 2014 оны 12 –р сард томилогдон ажлаа авсан. Гэтэл 2014 оны 10-р сарын 20-ний өдрөөр 2 удаа нийт 34.0 сая төгрөгийн түрээсийн гэрээг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК -тай байгуулсан гэх зэргээр өөрийн компани руу холбооны хөрөнгийг шилжүүлж авсан байх магадлалтай.
- Иргэн Н.Булганбаатар “викинг тэшүүр” тус холбоонд худалдсан тухай гэрээ байгуулан, мөнгө авсан боловч тэшүүр нь огт байхгүй .... гэх мэтчилэн олон зөрчлүүд дурьдсан байна.
Монголын тэшүүрийн холбооны удирдлагад улайран, хэдэн жил сараар удирдлагыг булаалдан эрх мэдэл авсан ах дүү ба анд нөхдийн баг үгсэн хуйвалдаж юу үлдээсэн тухай өгүүлбэл тун хэцүү баримтууд хөврөнө. Гэвч юутай үлдээснийг хүлээж аваад, яаж ийм хурдан юу ч үгүй болгосон бэ гэдэгт хамгийн том харамсал үлдэж байна.
Тэшүүрийн холбооны хоёр ч удирдлага самарснаар манай тэшүүрийн холбоо зохион байгуулалт, эв нэгдэл үндсэндээ задарч хэсэг бүлэг болон хуваагдаж хэн нэгний турхиралтад автах шинжтэй болж ирсэн нь хамгийн харамсалтай санагддаг. Хоёр ээлжээр хоолонд орж тэшүүрийн холбооны өмч хөрөнгөөр зүгаалж, эв нэгдлийг нь задалж хаясан Ч.Дагвадорж, Т.Нямдаваа нар, байнга ёс зүйгүй үйлдэл гаргаж тамирчдаа турхирч хэрүүл ховд татан оруулж байдаг Д.Энхбаяр нарыг тэшүүрийн спортоос хол байлгахын төлөө амхадууд бид тэшүүрийн тамирчдаа төлөөлөн энэхүү захидлыг бичиж байгаа юм. Зүгээр нэг удирдлагаас холтгоод зогсохгүй санхүү аудитын шалгалтыг үндэслэн эдгээр нөхдүүд тэшүүрийн спортын хөгжил, тамирчдад зориулсан мөнгө хөрөнгийг идсэн завшсан асуудал байгаа бол шалгаж хариуцлагад татахыг хуулийн байгууллагаас хүсч байна. Бидний энд бичсэн дурьдсан баримт бол дөнгөж зах зух нь байх. Цаана нь цагдаа хуулийнхан нарийн шалгавал тун их боолхой хуйвалдаан завшилт байсан гэж бид хардаж байгаа.
МТХолбоог нуруун дээрээ үүрэх даалгавар буюу шинэ удирдах бүрэлдэхүүн нэг жил гаруй хугацаанд хийж ирсэн ажил, янз бүрийн байдлаар зээл авч тамирчдаа гадаадын тэмцээнд явуулж, хувцас санхүүжилт босгосон арга барсан байдлыг харахад өмнөх удирдлага дансыг нь цайруулсан юм болов уу. Хамгийн эхний ээлжинд тэшүүргүй, уралдааны хувцасгүй тамирчиддаа хувцас хэрэглэл, материаллаг баазыг бэхжүүлэх шинэчлэх ажил хийж байгаа гэж ярьлаа. 2000 оноос хойш татвараа төлөөгүй хураагдсан Хандгайтын амны газрын төлбөр 66,0 сая төгрөгийг барагдуулан, дахин Захирамж гаргуулахаар хөөцөлдөж байна. Ганц мөсөн гулгуурын талбайнхаа татварыг ч төлөхгүй яваад байсан улс одоо дахиад гадаадын хөрөнгө тусламжаар шинэ талбай барих төсөл яригдаад эхлэхээр дахиад Холбооны удирдлага болох талаар яриа талцаан өдөөгөөд эхэлдэг увайгүй занг нь үнэхээр гайхаж байна. Европын Холбооны Улсаас Ил талбайн хөргөлттэй 400м мөсөн гулгуурын талбайг 70,000 Еврогоор авахаар нэхэмжлэлээ хүлээн аваад, 2016 оны 9 сард оруулж ирэхээр тохиролцсон байлаа. Энэхүү талбай нь мөс тавих зориулалтын машин, тойргийн хамгаалалт, электрон цагийг дагалдуулж ирэх байсан юм. Энэ талбай нь гадаа +15 цельсийн градуст ажиллах боломжтой. Угсралт суурилуулалтыг бүрэн хийж өгч, 10 хүнийг дагалдуулан мэргэшүүлэхээр тохирсон тухай сонсож сайхан гулгуурын талбайтай болох дахиад нэг оролдлого гэж ахмадууд бид баярлаж суусан..
Гэтэл гай газар дороос өнөөх л Ч.Дагвадорж, Д.Энхбаяр, Л.Алтанцэцэг, М.Мөнхцэцэг, Н.Эрдэнэтуяа, А.Болд нар энэхүү талбайг орж ирэх сургаар дахин МТХолбооны удирдлагыг авах ээлжит “ажиллагаа”-г зохион байгуулан, хэвийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болгосноор энэхүү талбайн тоног төхөөрөмжийг авах ажил хойшлогдож, алдахад хүргэсэн. Ийм байдлаар дахиад холбооны гишүүд, тамирчдыг хагаралдуулж, дахин ямарч хяналтгүй идэж ууж болно гэж бодож байгаа бол ёстой болиорой, дүү нар минь гэж хэлье!!!
Европоос 2016 оны 4 сард оруулж ирэхээр нэхэмжлэхээ хүлээн аваад байсан “Ил талбайн хөргөлттэй 400 м стандартын мөсөн гулгуурын талбай, хөргөлтийн тоног төхөөрөмжийн зураг
Бид энэ талаар хариу өгсөн гадаадын нөхдийн захидлыг орчуулууж үзлээ.
“ ...Нэхэмжлэлийн хугацаа дууссан ч бид нэрэлхэж зуны амралттай байлаа гэсэн захиа явуулахад, тэрээр та нарыг удаан хүлээсэн, аль хэдийн зарагдсан, энэ бол бизнес шүү гэж.. гэсэн хариу авчээ. Үүгээр ганц тэшүүрийн тамирчид төдийгүй Монголын хүүхэд залуучууд урин дулаан улиралд тэшүүрээр хичээллэх боломжоо алдсан. Үүний ард хариуцлага хүлээдэг хүн байна уу. Ч.Дагвадорж Д.Энхбаяр нар ядаж ёс зүйн хувьд өөрсдөө дотроо гэмшээд, дахин тэшүүрийн холбооны хөгжилд гай болохоо болчихоосой гэж үнэндээ халагламаар байна.
Хэрэв манай холбооныхон хөргөлттэй талбайг цаг тухайд нь авчихсан бол жил бүрийн 9 сараас дараа жилийн 5 сар хүртэл Италийн Коллалбо, Казакстаны Алма-ата шиг ашиглаад байх байж. Хамгийн гол нь Монголын тамирчид, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа эрүүл агаарт спортоор хичээллэн өнгөрүүлэх боломжийг устгасан буруутнууд үүндээ гэмшихгүй, дахин үймүүлсээр, хагарал хэрүүл өдөөсөөр байгаа нь харамсалтай.
Монгол улс спортын олон холбоодтой. Тэр нь үе үеийн тамирчдын зүтгэл амжилтын нэг гишгүүр дэлхийн тавцанд гаргах боломжийг олгож ирсэн. Тэр дундаас Монголын орчин үеийн спортуудын ууган холбоодын нэг болох Монголын тэшүүрчдийн Холбооны уналт сэргэлтийн зурвас түүхийг энд буулгалаа. Энэ нь их эвлэрлийн жил зарлаад байгаа манай спортынхон бусад холбоодод цаашдынх нь ажилд авах гээхийн ухаан болж үлдэх байх. Одоо тус холбоог удирдаж байгаа Д.Болормаа нарын удирдлагын тайланг бид сонссон. Чих халууцуулсан нөхдүүдийн нураасантай харьцуулж бас харсан. 2015-2017 оны хувьд хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байсан учраас тамирчдын бэлтгэл цугларалт, тэмцээн уралдааны зардал хөрөнгө босгох, гадаад харилцааг өргөжүүлэх, тамирчдын хувцас хэрэглэл, материаллаг баазыг бэхжүүлэхэд түлхүү анхаарч. Олон улсын тэшүүрийн холбооноос олгодог тэтгэлэгийн хэмжээг 32,0 мянган ам долларыг нэмэгдүүлэн 50,0 мянган ам доллар болгосон юм байна. Мөн Олон улсын тэшүүрийн холбооны Залуучуудын тэтгэлэгийг анх удаа авч ОУХМ Б.Сумъяа, ОУХМ Я.Зоригтбаатар нартаа нийт 24,0 мянган ам долларын тэтгэлэг авч өгч. 2014 оноос хойш тасарсан Үндэсний шигшээ баг маань дахин бүрдэж 4 тамирчин, 1 дасгалжуулагчтай ажиллаж эхэлсэн байна. Хандгайтын амны газрын төлбөр 66,0 сая төгрөгийг барагдуулан, дахин захирамж гаргуулж байна. Ч.Дагвадорж нарын үеэс тасарсан Ахмад мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2 жил дараалан зохион байгууллаа. Хувцас хэрэглэл авах, дасгал сургуулилт хийх орчинг бүрдүүлэхээр хичээж Хандгайтын мөсөн талбайд их хөрөнгө татаж ажил хийсэн байна. Мөнгө санхүүгийн тайлан баримт нь ил болсон байна. Энэ бүхэн бол дэвшил. Гэхдээ өмнөх балгуудын алдааг зассан ажилд их цаг мөнгө гаргаж байгаа гэдэг нь харамсалтай.
Олон хүний багагүй хөдөлмөр, он цагаа зориулж, маш их зүтгэлээр боссон ажил санаачилгыг явцуу бодолтой эрх ашгийн зөрчилтэй хэдхэн хүн ямар хурдан нурааж болдгийг Монголын тэшүүрийн Холбооны сүүлийн 10-д жилийн дээрх түүх харуулж байгаа юм.
Энэ захидлынн төгсгөлд хэлэх “хэрвээ” гэдэг харамсал халаглал олон үлдсэн. Хэрвээ Ч.Дагвадорж нар хичээн бусадтайгаа хамтран ажилласан бол өнөөдөр нийслэлд маань нэгэн битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбай сүндэрлэж, нийслэлийн хүүхэд багачууд тэшүүрээр гулган чөлөөт цагаа өнгөрүүлж, эрүүл чийрэг өсч хүмүүжиж байх байлаа. Монголын тэшүүрчид бүтэн жилийн бэлтгэлтэй болж тив дэлхийн тэмцээн, Олимпод амжилт гаргах бүрэн боломж бий болох байлаа. Хэрвээ Ц.Даваасүрэн Ерөнхийлөгч, Ч.Дагвадорж /ЕНБД асан/ нар холбооны гишүүдийнхээ итгэлийг даасан бол. Тэшүүрчдийн хүсэл тэмүүлэл, нийтлэг эрх ашгийг дээдэлж, хувийн “БИ” амбицаа дарж, ашиглаж завшихаа тэссэн бол. Хэрвээ түүний дараах Т.Нямдаваа нарын дарга нар тэшүүрийн тамирчдын төлөө хичээсэн бол бидний ахмадууд тэшүүрийн холбооныхоо шинэ цагийн илүү гэгээлэг сайхан түүхийг буулгаж суух байлаа...Харамсалтай.
Эвээ эвдвэл гэрээ нураахын сургаал үгийг санаж тэшүүрийн холбоонд дахин хагарал хуваагдал үүсгэж хөрөнгө мөнгөнд гараа дүрэх гэж улайрахгүй байхыг захидлын төгсгөлд эрхэм дүү нараас хүсье. Бид алтан соёмбот далбаан доор Монголынхоо нэрийг дэлхийд гаргах тэр хүслээрээ залуу тамирчиддаа сүү өргөсөөр суух ба бурууд хатуу ба зарчимтай байх номоороо энэхүү захидлыг Монголын тэшүүрийн Холбооны бүх үеийнхэн, удирдлага нарт мөн хаяглалаа.
Их спортод минь эв нэгдэл эрхэм чухал шүү...
Шүүмж дурсамж бичсэн :
Тэшүүрийн спортын Ахмад тамирчин
А.Зундуй- Ёндон /Тэшүүрийн Спортын Мастер. Анхны УШБ-ийн тамирчин /
Ц.Лхамжав . МУ-ын тэшүүрийн гавьяат тамирчин