Долоо дахь удаагийн “Монголиа Опен” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт болж байна. Манай улс зохион байгуулагч орны давуу эрхийг эдэлж, жин тус бүрт олон тамирчин оролцож буй. Нийтдээ манай100 гаруй бөх энэ тэмцээнд хүч үзэх юм. Мөн Монголиа Опен”-д ОХУ, Буриад, Венесуэл, Канад, Солонгос зэрэг улсын тамирчид хүч үзэж байна. Тэдний талаарх товч мэдээллийг хүргэж байна.
ОХУ-ын бүсгүйчүүд хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэв
“Монголиа Опен-2017” олон улсын тэмцээнд ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид оролцож байна. ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Андрей Бузин, Руслан Пайнов нарын удирдлага дор 12 тамирчин ирээд буй. Хойд хөршөөс 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Валерия Лазинская, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга, Дэлхийн тулааны спортын наадам, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Валерия Чепсакарова, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Испанийн Гранпри, “Клиппан Опен”, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий аварга Юлия Пронцевич, Өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Европын аварга Надежда Соколова, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Сталвира Оршуш, оюутны дэлхийн аварга Вероника Чумикова, 23 хүртэлх насны Европын аварга Анжелика Фетошкина, Анжело Фоменко тэргүүтэй дандаа тив, дэлхийд танигдсан тамирчид дэвжээнд гарна.
ӨМӨЗО-ноос есөн тамирчин иржээ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг есөн тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг шүүгч, 11 хүний бүрэлдэхүүнтэй “Монголиа Опен-2017” ОУТ-д оролцож байна. Багийн бүрэлдэхүүнд тамирчнаар Мөнхцагаан, Цагаанзаан, Уранбилэг, Хасбагана, Чандганацагаан, Бао Лин Лин, Оюунжигүүр, Кай Шин, Оюунгоо, шүүгчээр Мандаа, дасгалжуулагчаар Алтан-Очир, Оюунбилэг нар Улаанбаатарт иржээ. Эднээс Бао Лин Лин, Чандганацагаан нар 2014, Цагаанзаан 2015, Урангоо 2016 оны “Монголиа Опен”-д хүрэл медаль хүртсэн юм.
Якутаас найман тамирчин Улаанбаатарын дэвжээнд барилдана
“Монголиа Опен-2017” олон улсын тэмцээнд Сахагаас Ньургун Александров 57 кг-д, Петр Павлов, Айхаан Антонов, Дулустан Булатов, 61 кг-д, Алексей Иванов, Ваир Бурцев 65 кг-д, Айсен Коперин 74 кг-д, Ньургун Сергин 86 кг-ын жинд зодоглоно. Багийн ахлагчаар Глера Старостина, дасгалжуулагчаар Егор Старостин, Артур Федоров нар оролцож буй. Өнгөрсөн жил Улаанбаатарын дэвжээнд Якутын бөхчүүдээс Владимир Флегонтов 61 кг, Евгений Коломиец 97 кг-д нар мөнгө, Виктор Степанов 65 кг-д хүрэл медаль хүртэж байв.
РИО-гийн олимпийн медальтнууд Улаанбаатарын дэвжээнээ
Венесуэлээс Дубраика Родригес, Ривас Гонзалес Агуис, Натали Гриман, Мариа Агоста, Солейми Крабалло, Педро Межиас, Вильфредо Родригес, Кристиан Сарко, Педро Себаллос, Хосе Диас Роберти, Луис Оливерес гэсэн 11 тамирчин, багийн ахлагчаар Уинстон Сантос, шүүгчээр Карлос Пинто Гарсия, дасгалжуулагчаар Эктор Камачо, Анри Колменарес, эмчээр Луис Мачадо нар Улаанбаатарт иржээ. “Халтар царайтууд”-ын нутгаас Пан Америкийн наадмын хошой хүрэл, өнгөрсөн жилийн Пан-Америкийн аварга Хосе Роберто Диас, Пан Америкийн наадмын мөнгө, Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт Мариа Агоста нар өнгөрсөн жил Риогийн олимпийн наадамд зодоглосон юм. Туршлагатай бөх Хосе Диасын хувьд 2016 оны Парисын Гранприд Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулгыг ялж, түрүүлж байв.
Канадаас хоёр тамирчин ирэв
Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийн тэргүүлэгч гүрэн Канад улс манай оронд хоёр бөхөө илгээжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий алт мөнгө, оюутны ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Рио-2016” олимпийн наадамд оролцсон Жасмин Миан, 69 кг-д Билл Фаррелл, Дэйв Шульцын нэрэмжит тэмцээний аварга, Канадын цомын алт, хүрэл, Сассаригийн ОУТ-ий хүрэл медальт, Оливиа Ди Бакко нар юм. Тэднийг олимпийн наадмын хошой мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Пан-Америкийн наадмын хошой аварга Канадын нэрт бөх Тоня Вербеек Улаанбаатарын дэвжээнд дасгалжуулна.
Гуулин улсаас 16 хүний бүрэлдэхүүнтэй баг иржээ
Өмнөд Солонгосоос эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Хам Чеол-Гьюн, Ян Кьюн-Йоп, 61 кг-д Чой Жэ-Мин, 70 кг-д Хан Дэ-Жил, 74 кг-д Жеон Си-Хван, эмэгтэйчүүдийн 48 кг-д Сон Сэ-Рёон, 58 кг-д Чой Йон-Ву, 60 кг-д Хон Хан-Рэ, Ли Жи-Сёон, 63 кг-д Хё Жёон-Ин гэсэн 19-24 насны залуучууд Улаанбаатарын дэвжээнд зодоглоно. Эднээс хамгийн туршлагатай бөх нь 2007 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Хон Хан Рэ юм. Гуулин улсын багийн ахлагчаар Ли Сеун Нам, ахлах дасгалжуулагчаар На Сун-Ин, эрэгтэйчүүдийн дасгалжуулагчаар Шин Хьюк-Хо, эмэгтэйчүүдийн дасгалжуулагчаар Юү Бэ-Хи, эмчээр Пак Юү-Кво, хэвлэлийн ажилтнаар Кан Сук-Хун нар ажиллана.
Эльмира Сыздыкова зодоглоно
Долоо дахь удаагийн “Монголиа Опен” ОУТ-д Казахстан улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин зодоглоно. Казахаас эмэгтэйчүүдийн “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Эльмира Сыздыкова Улаанбаатар дэвжээнд хүч үзнэ. Өдгөө 25 настай түүний хувьд Риод хүрэл медалийн өмнөх барилдаанд манай гавьяат тамирчин О.Насанбурмаа ялж байсныг бөхийн хорхойтнууд сайн санаж байгаа биз. Сыздыкова хоёр жилийн өмнө “Монголиа Опен”-д түрүүлж байв. Казахстаны эрэгтэй бөх нь 65 кг-д зодоглох Асхат Слямханов юм.
Буриад эрчүүд ч хүч үзнэ
“Монголиа Опен-2017” олон улсын тэмцээнд оролцох ОХУ-ын Буриад улсын эрэгтэй баг 15 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатарт иржээ. Буриад эрчүүдээс монголчуудын эчнээ танил Иван Ярыгин болон Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой аварга Балдан Цыжипов, “Сингапур-2010” залуучуудын анхдугаар олимпийн аварга, залуучуудын Европын хошой аварга Алдар Бальжиннимаев, залуучуудын Европын хошой аварга Юрий Власко, Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий хошой аварга Евгений Жербаев, “Монголиа Опен-2015” ОУТ-ий аварга Арсалан Будажапов тэргүүтэй 11 тамирчин хүч үзнэ.