Раллигийн ДАШТ-ий энэ улирлын шинэ оролцогч Тоёота Газо баг тун сайн эхлэлийг хийж, Шведийн раллид ялалт байгуулснаар оны хамгийн эхний шуугианыг тариад байсан. Гэсэн ч өнгөрсөн сард болсон Мексикийн раллид хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй. Учир нь тэдний шинэ Yaris загварын машин шороонд замд хангалтгүй байжээ.
Багийн үндсэн нисгэгчид болох Яари Матти Латвала, Юхо Ханнинен нар тун асуудалтай уралдаанаа дуусгаж, 6-7-р байруудад орсон юм. Энэ нь багийг хөдөлгөөнд оруулж, шороонд замын уралдаанд зориулсан хөгжүүлэлтийг эрчимтэй хийхэд хүргэсэн юм. Сүүлийн сар орчмын хугацаанд зөвхөн үүнд анхаарч ажилласан багийн захирал Томми Макинен ч үүнийг гэрчилсэн байна.
Мицубиши багийн нэрийн өмнөөс уралддаг байхдаа тэрбээр 1996-1998 онд гурван жил дараалан Аргентины раллид түрүүлсэн удаатай. Иймээс шороон замын уралдааныг маш сайн мэдэх хүмүүсийг нэг юм. Тэрбээр “Бид Мексикийн уралдааны үеэр их олон зүйлсийг мэдэж авсан. Үүн дээр тулгуурлан Аргентиний уралдаанд олон өөрчлөлтүүдийг хийж, оролцоно. Аргентинд амжилт үзүүлэх нь бидний гол зорилго” гэсэн байна. Шороон замын хамгийн том өрсөлдөөнд тооцогддог Аргентины ралли энэ долоо хоногт зохион байгуулагдана. Маргааш нээлтээ хийх тус уралдаан нийт 18 үе шаттайгаар 356.4 км зайд үргэлжлэх юм.
Г.Баяраа
Уншиж байна |