Том хэмжээний баривчилгаа
2017-04-27

 

Английн мэргэжлийн хөлбөмбөгийн салбарын хэд хэдэн нөлөөтэй эрхэм өчигдөр баривчлагдсан байна. Шалтгаан нь татвараас зайлсхийсэн, орлого нуун дарагдуулсан хэрэг гэнэ.  Энэ нь Английн хөлбөмбөгийн түүхэнд өмнө нь гарч байгаагүй өргөн хэмжээний баривчилгаа болсон бөгөөд эдгээрийн дунд Ньюкасл клубын захирал Ли Чарнлэй, Вэстхэм клубын хэд хэдэн албаны хүмүүс байгаа гэнэ.

 

Их Британийн засгийн газрын дэргэдэх Татварын хэрэг зөрчил илрүүлэх газар өргөн хэмжээний ажиллагаа явуулж, Ньюкасл клуб 5 орчим сая фунтын татвараас зайлсхийсэн болохыг тогтоосон байна. Тус газар нь Их Британи, Франц улсад нийт 180 орчим тусгай төлөөлөгчийг ажиллуулдаг бөгөөд тэдний өгсөн мэдээллийн дагуу хэргийг илрүүлсэн байна.

 

Өчигдөр болсон баривчилгааны үеэр дээрх багуудын цэнгэлдэх хүрээлэнгүүд болох Сэнт Жэймс Парк, Лондоны Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд нэгжлэг хийж, тодорхой өрөө, тасалгааг битүүмжилсэн гэнэ. Улмаар тус 2 багийн бизнес, санхүүгийн тайлан, компьютер, гар утас зэргийг хураан авсан байна.

 

Ердөө хэдхэн хоногийн өмнө Прьемер лигт дэвшин орох болзолоо хангаад байсан Ньюкасл клубын хувьд энэ хэрэг томоохон саад тотгор болж болох юм.

 

Эх сурвалж: BBC SPORT  

Shuud.mn
Сонин хачин