Монголын холимог тулааны “Zev Fight Night-1” тэмцээн ирэх тавдугаар сарын 6-нд “Аса” циркт болно. Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ.
Уг тэмцээнийг монголын холимог тулааны “Зэв” холбооноос зохион байгуулж буй юм. Уг холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж, Удирдах зөвлөлийн гишүүн “Херо” энтертайментын найруулагч, захирал Б.Баатар, Гүйцэтгэх захирал Б.Баярбямба, менежер Ц.Ганзориг нарын хүмүүс мэдээлэл хийв.
Монголд анх удаа зохион байгуулах гэж буй энэхүү тэмцээн нь кикбоксын төрлөөр явагдана. Тэмцээний 64 кг жинд Монголын шилдэг дөрвөн тамирчин, 67 кг жинд мөн шилдэг дөрвөн тамирчин өрсөлдөх аж. Энэхүү найман тамирчнаас шалгарсан хоёр тамирчин тавдугаар сарын 28-ны өдөр Япон улсын Нагоя хотноо болох “Stand Fighting Network K-Ing” олон улсын тэмцээнд оролцох эрхийг авах юм байна.
Японы кикбоксын олон улсын холбооноос Голландын алдарт тамирчин Эрнесто Хоосттой хамтран “Stand Fighting Network K-Ing” тэмцээнийг зохион байгуулна. Нийт таван жинд Японы таван тамирчин олон улсын таван тамирчинтай халз тулалдах аж. Олон улсын таван тамирчны хоёрыг нь Монголоос авах санал ирж, 64, 67 кг-ийн жингийн ангилалд Монголоос тамирчид тулалдах болжээ. Уг тэмцээнд оролцох хоёр тамирчныг сонгон шалгаруулахаар “Zev Fight Night-1” тэмцээнийг зохион байгуулж буй юм байна.
Тэмцээнийг зохион байгуулах болсон талаар “Зэв” холбооны капитан буюу ерөнхийлөгч Асашёорү Д.Дагвадорж “Япон улсаас Монголын боксын тамирчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломжтой байна гэдэг саналыг надад тавьсан. Иймд монголын тулааны спортыг хөгжүүлэх, цаашид олон улсад таниулахад хамтран ажиллахаар энэхүү тэмцээнийг зохион байгуулахаар болсон. “Зэв” холбоо гадаад руу залуучуудаа тэмцээн уралдаанд явахад нь дэмжих үүднээс байгуулагдсан. Манай залуучууд тулааны спортоор маш амжилттай явж байна. Олон улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа залуусыг хараад тэдэнд бага ч болов дэмжих үүднээс тулааны спортыг дэмжин ажиллаж байна” гэв.
“Zev Fight Night-1” тэмцээний 64 кг жинд Д.Батгэрэл тоглоно. Тэрбээр “MGL-1” -д кикбокс, холимог тулааны аварга болж байсан. Мөн “Legend FC”, “Ruff FC” зэрэг олон улсын мэргэжлийн тулаанд оролцож ялалт байгуулж байсан. Түүнтэй Н.Бат-Эрдэнэ тулалдана. Н.Бат-Эрдэнэ нь мэргэжилийн тэмцээнд 22 тулаан хийснээс 17 удаагийн ялалттай тамирчин аж.
Түүнчлэн энэ жинд Шитокан Карате-ийн дэлхийн цомын тэмцээний мөнгө, “Монгол Зо”-тэмцээний мөнгөн медальт, мэргэжилд 4 удаа тулалдаж 3 удаагийн ялалт байгуулсан тамирчин Г.Энхбаяр “Мишээл кик бокс” клубын тамирчин Б.Гантогтохтой тулалдана.
Харин тэмцээний 67 кг жингийн ангилалд “Ирвэс” клубын тамирчин, каратэгийн Азийн аваргын мөнгөн медальтай, улсын хоёр удаагийн аварга Н.Отгонбаатар “Заг” холбооны аварга, кикбоксын 65 кг-ийн улсын аварга, “MGL-1” тэмцээний аварга Г.Мөнх-Одтой тулалдана. Энэ жингийн нөгөө хос нь А.Мөнхбаатар – Э.Батбаяр нар юм. А.Мөнхбаатар нь MGL-1 ийн кикбоксын 65 кг жингийн аварга болж байсан. “Бурхан халдун” клубын тамирчин. Харин Э.Батбаяр мэргэжилд 15 тулаан хийснээс 12 ялалттай тамирчин юм.
Голландын алдарт тамирчин Эрнесто Хоост манай улсад энэ сарын 24-нд хүрэлцэн ирэх юм байна. Тэрбээр тэмцээнд оролцох манай тамирчдад семинар зохион байгуулах аж. Мөн хоёр мэргэжлийн шүүгч ирж, тэмцээнийг шүүх юм байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |