Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдэд түрүүлсэн багууд дараагийн улирлаа нээж, супер цомын төлөө тоглодог уламжлалтай.
Тэгвэл энэ улирлын салхийг хагалж, Үндэсний лигийн аварга Эрчим, Холбооны цомын аварга Хангарьд багууд тоглолоо. Өчигдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын гоолын салхийг 24 дэх минутанд Эрчимийн Б.Даваажав хагалснаар багтаа тэргүүлэлийг авчирсан юм. Энэ нь цаашдын том хожлын эхэл болж үндсэн цагт 5:1 ээр Эрчим ялалт байгуулсан байна. Эхний гоолын эзэн Б.Даваажав сүүлийн хагаст дахин нэг гоол нэмсэн бол Японы импорт Ишино Шута, М.Төгөлдөр, Г.Батдэлгэрэх нар тус бүр нэгийг хийсэн юм. Харин Хангарьдын цорын ганц гоолыг Ц.Мөнх-Эрдэнэ торгуулийн цохилтоор оруулжээ.
Ийнхүү Эрчим клуб 2011 оноос эхлэн зохиогдсон супер цомын ялагчаар 6 дахь жилдээ дараалан тодорчээ.
Г.Баяраа
Уншиж байна |