Сагсанбөмбөгийн спортын түүхэнд хамгийн олон дэмжигчтэй бас хамгийн олон үзэн ядагчтай тоглогчдын тэргүүнд АНУ-ын нэрт тамирчин Коби Брайнт нэрлэгдэнэ. Нэрт тамирчин нэг жилийн өмнө мэргэжлийн тамирчны замналдаа цэг тавьж, залуу бүрэлдэхүүнтэй Юта Жаззын эсрэг үдэлтийн үдэшлэгээ хийж NBA-г орхисон. Тэгвэл Брайнтын тамирчны дараах амьдралтай танилцъя.
СПОРТ
Хичээл зүтгэл, тэмцэл, бэлтгэл сургуулилтаар бүхий л амжилтаа гаргасан тэрбээр сүүлийн тоглолтоо хийсний маргааш ч бэлтгэлийн зааландаа эртлэн очсон байдаг. Тэрбээр 20 жилийн турш хийсэн өглөөний бэлтгэлээ одоог хүртэл хийдэг гэнэ. Өнгөрсөн 2016 оны зун тэрбээр Жэймс Харден, Рассель Уэстбрүүк нарын хэд хэдэн залуустай хамт бэлтгэл хийж, тэдний тоглолтыг сайжруулах тал дээр ажилласан байна. Энэ нь үр дүнтэй болж түүнтэй хамт зуны бэлтггэл хийсэн тамирчид улирлын MVP өрсөлдөөнд нэрлэгдсээр байна. Мөн тэрбээр өөрийн тоглож байсан Лос Анжелес Лейкерс багийн арын албанд ажиллах боломжтой хүмүүсийн тэргүүн эгнээнд яригдаж байсан ч хараахан тийм зүйл болсонгүй. Товчхон хэлвэл Коби зодог тайлснаасаа хойш спортоос нилээд хөндий амьдарчээ. Тэгвэл спортоос өөр юунд илүү анхаарав?
ХУВИЙН АМЬДРАЛ
Коби хувийн амьдралаа нууцлахыг хичээдэг ч анхаарлаас гадуур өнгөрнө гэж үгүй. Тиймдээ ч хаана хэрхэн цагийг өнгөрүүлсэн, хэнтэй ярилцсан зэрэг мэдээллүүд нь байнга шахуу шинэчлэгдэж байдаг. Тэрбээр зодог тайлснаасаа хойш хувийн амьдралдаа хийсэн хамгийн том өөрчлөлт нь гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан явдал юм. Түүний эхнэр Ваннеса Брайнт 2016 оны 12-р сарын 5-ны өдөр амаржиж гурав дахь охиноо өлгийдөн авсан юм. Нэрт сагсанбөмбөг шинэ охиндоо Бианка Бэлла гэх нэр хайрласан нь хамгийн том өөрчлөлт нь болсон юм. Брайнт ч бага охиноо төрснөөс хойш нэг хэсэгтээ олны нүднээс далд байж, гэр бүлдээ ихээхэн цаг зав гаргасан гэдэг нь нууц биш.
БИЗНЕС
Нэрт сагсанбөмбөгчийн сүүлийн нэг жилийн амьдралыг эргэнхарвал хамгийн их цаг заваа зарцуулсан зүйл нь бизнес юм. Зодог тайлах сүүлийн тоглолтыг та бүхэлд нь үзсэн бол бүтэн тоглолтын туршид Коби “Body Armor” нэртэй ундааг сурталчилсан. Тэгвэл энэ ундаа нь Кобигийн өөрийнх нь бизнес байсан бөгөөд 2011 онд Коби энэ бизнест хөрөнгө оруулсан юм. Улмаар зодог тайлснаасаа хойш энэ компанийн захирлуудын зөвлөлийн дарга болжээ. Түүнтэй энэ чиглэлд Лэнс Коллинс, Майк Реполь нарын бизнесмен хамтран ажилладаг бөгөөд Нью Йорк хотод төвтэй тус компани өдгөө тун өндөр амжилттай ажиллаж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Gatorade, Powerade зэрэг спорт ундааны зах зээлийг аажмаар булаасаар байгаа юм.
Коби зөвхөн спорт ундааны бизнесээр оролдоогүй. Спорт ундаанд анх хөрөнгө оруулсан 6 сая доллар нь түүнд хэдэн арван сая болж эргэн ирсэн бол , Коби илүү том зүйлд хөрөнгө оруулахыг хүсчээ. Түүний шинэ бизнесийн хамтрагч нь Нью Йоркын хөрөнгийн биржийн шилдэг тоглогчдийн нэг Жэфф Стайбелл юм. Хамтрагчид өнгөрсөн оны наймдугаар сараас шинэ ажлыг эхлүүлсэн нь “Брайнт Стайбелл” нэртэй шинэ компани байгуулж, тэр ч бүү хэл Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа борлуулсан байна. Анх 100 сая америк долларын хөрөнгө оруулалтын сантай байгуулагдсан тус компани өдгөө илүү өндөр санхүүгийн чадамжтай болсон гэдэг нь тодорхой. Кобигийн хувьд энэхүү компаниараа дамжуулан мэдээлэл технологи, дата, кибер тоглоом зэрэг электроникийн салбарт хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм.
Тамирчны замналдаа байж болох бүхий л шагналуудыг хүртсэн Коби Брайнт ийнхүү зодог тайлснаасаа хойш амжилт ололтоор дүүрэн амьдарсаар байна. Энэ нь магадгүй түүний сагсанбөмбөгийн талбайгаас олж авсан тэмцэгч , хөдөлмөрч зан чанар, ялагчийн сэтгэхүйтэй холбоотой байж болох.
Г.Баяраа
Уншиж байна |