“Алдар” спорт хорооны тамирчид болох МУГТ Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ О.Үйтүмэн, ОУХМ П.Орхон нар чөлөөт бөхийн Азийн АШТ-нд оролцох боломжгүйд хүрчээ.
Монголын чөлөөт бөхийн холбоо Азийн АШТ-д өрсөлдөх баг, тамирчдын мэдүүлгийг хоцроосон тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай тамирчдыг оролцуулах боломжгүйд хүрснийг мэдэгдээд байсан. Улмаар МЧБХ-ноос Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд хоёр ч удаа албан хүсэлт хүргүүлсний үр дүнд монголын чөлөөт бөхийн тамирчдыг Азийн АШТ-нд оролцуулах шийдвэр UWW гаргаад байгаа.
Гэвч Азийн АШТ-нд С.Батболд, Э.Ням-Очир, Н.Лхамгармаа, Г.Мандахнаран, О.Үйтүмэн, П.Орхон, С.Цэрэнчимэд нарын тамирчид оролцох боломжгүйд хүрсэн байна. Учир нь ДНБХ манай улсын тамирчдын мэдүүлгийг дахин авалгүйгээр өмнө нь хүргүүлсэн тамирчдын мэдүүлгийг бүртгэлд оруулжээ.
Монголын чөлөөт бөхийн холбооноос ДНБХ-нд Азийн АШТ-нд оролцох тамирчдын мэдүүлгийг анхлан явуулахдаа дээр дурьдсан тамирчдын нэрсийг оруулаагүй аж. Учир нь тэд үндэсний шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийлгүй, нэгдсэн цугларалтаас татгалзсан. Тэгэхээр эдгээр тамирчин Азийн АШТ-д оролцох боломжгүйд хүрсэн гэдэг тайлбарыг МЧБХ-ны удирдлагууд хэлж байна.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ОУХМ П.Орхон нар өрсөлдөж, П.Орхон ялалт байгуулж, улсын аварга болсон байсан юм. Гэвч МЧБХ-ноос П.Орхоны оронд МУГТ С.Батцэцэгийг Азийн АШТ-нд оролцуулах шийдвэрийг гаргажээ.
ОУХМ П.Орхон “Анхнаасаа бид нарын нэрийг явуулаагүй юм билээ. Тамирчид амжилт гаргахын төлөө хичээгээд байхад дараад байдаг. Одоо болтол бидний хувь заяаг хэдхэн хүмүүс дур мэдэн шийддэг хэвээрээ л байна” хэмээсэн байна.
Бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-ний өдрүүдэд болно.
Г.Тэгшсүрэн