Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 14 хоног тутамд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн аль нэгэнд иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсч зарим асуудлыг шийдвэрлэж өгдөг билээ. Хотын дарга энэ удаа НЗДТГ-ын байранд иргэдтэй уулзав. Уулзалтад НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Худалдан авах ажиллагааны дарга Э.Болормаа, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.
Энэ өдрийн уулзалтад ирсэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Мөнхбаяр хаягдал дугуйг дахин боловсруулж, резинен хавтан хийдэг өөрийн компанийнхаа талаар нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Тэрбээр “Энэхүү технологи нь Улаанбаатар хотын хог хаягдал, утааг бууруулахад маш их ач холбогдолтой. Бид нийслэлийн тохижилт үйлчилгээнд өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хямд үнээр гэрээ хийж, нийлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээлээ.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллах бодлого барин ажиллаж байгаа гэдгээ нийслэлийн Засаг дарга С.Батболд тодотгоод “Та бүхэн бүтээгдэхүүн болон үнийн саналаа Үйлдвэрлэл инновацийн газар, Худалдан авах ажиллагааны газар болон бусад холбогдох газруудад хүргүүлэх хэрэгтэй. Дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр бий болгож буй залуустай бид хамтран ажиллах болно” хэмээлээ.
Хан-Уул дүүргийн иргэн Г.Энхбаатар 20 гаруй жил МУБИС-ийн гадаа хуучин номын худалдаа эрхэлдэг байсан аж. Тухайн хэсэгт автозам барихаар болж 2014 онд худалдааны төвийг нь буулгасан байна. Дахин номын худалдааны төвийг барьсан хэдий ч лангуу олж авч чадаагүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг тэрбээр Засаг даргаас хүссэн юм.
“Тухайн хэсэгт дахин баригдсан номын худалдааны төв Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд харьяалагддаг. Тиймээс иргэн Г.Энхбаатарыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөртэй биечлэн уулзуулж, ажлын байраар хангах үүрэг өгөх болно” гэдгийг нийслэлийн Засаг дарга хэлж байлаа.
“Баянгол дүүргийн ахмадуудын чийрэгжүүлэлтийн төвийг 2011 оноос эхлэн хариуцан ажиллуулдаг байсан. Өөрсдийн эзэмшлийн байргүйгээс өнөөдөр төв маань ажиллах боломжгүй болоод байна. Ахмадууд бид нэгдэж хотоос гадна ч хамаагүй газартай болж чийрэгжүүлэлтийн төвөө байгуулаад, газар тариалан эрхлэхээр шийдэж хөөцөлдсөн юм. Газрын асуудлыг шийдэгдэж бүх хүмүүсээс мөнгө хурааж газрын гэрчилгээний мөнгийг тушаасан. Ингээд 2014 оноос хойш юу ч шийдэгдсэн юмгүй байсаар байна. Холбогдох албаны хүмүүст нь хэлж түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” хэмээн Баянгол дүүргийн иргэн, ахмад настан М.Хулганаа хүсэлт тавьсан. Түүний хүсэлтийн хариуд нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Газрын асуудлыг яаралтай шийдэрлэж өгнө” хэмээлээ.
Иргэн н.Ганбаатар Оросын хөрөнгө оруулалттай компаниудын удирдлагуудтай хамтран орон сууцны 7-р хорооллын ерөнхий төлөвлөгөөний дагуу 6837 ам метр талбайг барилгажуулах ажилд туслан гүйцэтгэгчээр оролцох болсон аж. Барилгын ажлыг эхлүүлэн суурийг цутгасан ч газрын маргаан гарч дөрвөн жилийн хугацаанд шат шатны байгууллагад хандсан боловч шийдэгдэлгүй өдийг хүрчээ. Одоо тэрбээр барилгын суурийг цутгасан газрыг өөрийн компанид эзэмшүүлж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Нийслэлийн Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газартай уулзаж тохиролцоод, эргэн ярилцах хэрэгтэй. Тухайн газарт 7-р хорооллын барих барилгын компанитай шүүхийн асуудалтай учраас ажил нь зогссон байгаа. Энэ асуудал шийдэгдсэний дараа танай асуудлыг шийдэж өгөх болно” гэсэн тайлбарыг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Уншиж байна |