Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангах болон нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллахаар тохиролцож, Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааныхаа зарчим, чиглэлийг нарийвчлан тодорхойлсон Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар гарын үсэг зурав.
Өнөөдөр манай улсын санхүүгийн салбар банк давамгайлсан бүтэцтэй, банкнаас бусад санхүүгийн салбарууд маш бага хувийг эзэлж байна. Санхүүгийн салбарт нэгэнт бий болсон энэ зохистой бус харьцааг засч залруулах нь зүйтэй гэсэн байр сууринаас Санхүүгийн зохицуулах хороо Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж ажиллах санаачилга гаргасныг Монголбанк дэмжин, ийнхүү гарын үсэг зурж байна. Ингэснээр талууд олон тулгуурт тэнцвэртэй бүтэц бүхий санхүүгийн салбарыг хөгжүүлэх талаар харилцан идэвх чармайлт гаргаж, хамтран ажиллахаар санал нэгдэж буй юм.
Санамж бичигт санхүүгийн салбарын эрх зүйн орныг сайжруулах, хяналт шалгалт, зохицуулалтыг боловсронгуй болгож, эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, иргэд, олон нийтийн санхүүгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх болон статистик мэдээллийн чанарыг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөтгөх гэх мэт хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгаж, мэдээлэл, туршлага, санал солилцох, зөвшилцөх, хэлэлцэх, харилцан дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаагаа нэгтгэх, хамтрах арга хэлбэрүүдээр нэгдмэл ажиллахаар заасан байна.
Харилцан ойлголцлын Санамж бичигт тусгасан хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр санхүүгийн салбарыг дунд, урт хугацаанд хөгжүүлэх бодлого, стратеги тодорхой болж, хяналт шалгалт, зохицуулалтын үйл ажиллагааны уялдаа сайжран, олон улсын байгууллагын эрх зүйн баримт бичгүүдээр хүлээсэн үүргийн хэрэгжилт хангагдаж, иргэдийн мэдлэг боловсролын түвшин дээшлэн, салбарын оролцогчдын сахилга, хариуцлага өндөрсөн, цаашид нэгдмэл тогтолцоо, дэлхийн жишигт нийцсэн систем бүхий олон тулгуурт санхүүгийн зохистой салбар хөгжих үндэс суурь тавигдах юм.
Уншиж байна |