“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авагч тал өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Хэвлэлийн хуралд “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар оролцож, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Оросын эзэмшилд байсан 49 хувийг худалдан авсан гэрээ хэлцэл хууль ёсны дагуу явагдсан бөгөөд цуцалсан тохиолдолд Монгол Улс багагүй хэмжээний торгууль төлнө гэдгийг тэд хэлж байв. Хурлын үеэр “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн М.Мөнхбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-49 хувийн худалдан авалтын хохирогч нь хэн бэ? Асуудал үүсэхэд хохирлын нэхэмжлэл гаргах эрх хэнд байгаа вэ?
-Энд хохирогч байхгүй. Хохирч болох, хохирлоо манайхаас нэхэмжилж болох цорын ганц этгээд нь ОХУ-ын Ростех компани. Монгол Улсад болж байгаа энэ үйл явц нь ОХУ-ын Ростех компанийн нэр хүнд цаашидын үйл ажиллагаанд нь нөлөөлж болзошгүй. Энэ компани өнөөдөр ямар ч хохирлын асуудал яриагүй. Ростех бол ОХУ-ын төрийн өмчит компани. Бүр төрлийн гэрээ хэлцэл хийх эрхээ ОХУ-ын Засгийн газар, Хуульзүйн яамнаасаа авсан. Энэ бичгээ 2016 оны зургаадугаар сарын 27-нд Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хэлцэл нь ОХУ-ын хууль тогтоомж, хоёр улсын хооронд хийсэн гэрээ хэлцэл, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хууль ёсны дагуу хийгдсэн.
-АТГ, прокурорын байгууллагаас шалгаж байгаа юу?
Өнөөдрийн байдлаар манай компанийг хуулийн ямар нэг байгууллагаас ирж мэдээлэл өг гэсэн албан ёсны бичиг ирээгүй. Шалгана гэвэл бид материалаа өгөхөд бэлэн байгаа. УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэгт бид материалаа хүргүүлсэн. Бидний өгсөн материалд үндэслэж, шалгалт нь явагдсан болов уу гэж найдаж байгаа.
-49 хувиа барьцаалаад зээл авсан уу?
О.Орхон: -Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан нь том төсөл. 49 хувийг 400 сая ам.доллараар худалдаж авсныг бүгд мэдлээ. Үүнийг барьцаалаад 80 сая долларын зээл өгөхийг аль ч талаараа буруу зүйл гэж үзэхгүй. Харин ч маш сайн төсөлд зээл орсон гэж үзэж байгаа.
-49 хувийг төрд авах тухай ярьж байна. Ийм боломжтой юу? Шилжүүлсэн тохиолдолд ямар асуудал үүсэх вэ?
-Гуравдагч этгээдэд 49 хувийг шилжүүлсэн тохиолдолд 100 сая ам.долларын торгуулийг төлнө. Энэ мөнгө Монгол Улсын төсвөөс л гарна. Мөн зээлийн өр, санхүүжилтийн зардал, хоёр хуулийн компанийн төлбөр, ирээдүйд олж болох ашиг зэргийг тооцож, нэхэмжилнэ. Хэрвээ ийм асуудал үүсвэл эхний ээлжинд бид Монгол Улсын хуулиар байгууллагад нэхэмжлэлээ гаргана. Ийм асуудал үүсэхгүй байх гэж найдаж байна. Ямар нийгэмд амьдарч байгаа билээ.
-49 хувийг Орост буцаалаа гэхэд өөр нэг улсын компанид зарах боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Гэрээ хэлэлцэл хийх үед БНХАУ, Казахстан, ОХУ-ын дотоодын компани бидэнтэй өрсөлдөж байсан. Зарим нэг компанийн төлөөлөл энд ирээд Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөлтэй уулзаад явсан мэдээлэл бидэнд бий.
-Татварын хэмжээ яагаад буурсан юм бэ?
2016 оны долоодугаар сард ТУЗ шинээр томилогдсон. Мөн 2016 оны 10 дугаар сард ТУЗ шинэчлэгдсэн. Эрдэнэт үйлдвэр хууль тогтоомжийн дагуу бүх төрлийн татварыг төлж байгаа. Татвар буурсан асуудалд компанийн зүгээс тайлбараа өгсөн.
В.Бат