“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр авах яриа Төрийн ордонд өрнөж эхэллээ. Өнөөдрийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцсэн ч АН-ын бүлэг завсарлага авснаар түр хойшлоод байна.
Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авагч тал анх удаа хэвлэлд хандлаа. Хэвлэлийн хуралд “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар оролцож, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Засгийн газраар 100 сая ам.долларын торгуулийг төлүүлнэ
Ажлын хэсгээс хэт нэг талын байр суурийг илэрхийлсэн дүгнэлт гарлаа. Манай компани дөрвөн удаа бичгээр хандаж, ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч нэг ч удаа хариу өгөөгүй, бидэнд танилцах боломж олгосонгүй. Ажлын хэсгийн дүгнэлтэд Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар ярьсан. Үүнтэй холбоотойгоор манай компанийн хийсэн гэрээг хүчингүй болгох, цуцлах асуудал яригдлаа. Монгол Улсын Засгийн газар 1993 оноос хойш Эрдэнэтийн 51 хувийг эзэмшиж байгаа. ОХУ-д байсан 49 хувийг худалдаж авсан гэрээ хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж үзвэл энэ хувь Монгол Улсын Засгийн газарт бус буцаад ОХУ-ын Ростех компанид очно. Мөн Ростех компанид буцаавал манай компани 400 сая ам.долларын төлбөрийг буцаан авахаар Засгийн газарт хандана. Үүгээр ч зогсохгүй гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд төлөх 100 сая ам.долларын торгуулийг Засгийн газраас гаргуулж авах нөхцөлд хүрнэ. Мөн хэлцэлтэй холбоотойгоор манай компаниас гарсан зардал, ирээдүйд олон байсан орлого, худалдан авалтыг санхүүжүүлсэн хүүний төлбөрийг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж авна.
ХХБ-ны нэр хүндэд ноцтой халдлаа
Худалдаа хөгжлийн банк энэ худалдан авалтад зөвлөх, санхүүжүүлэгчээр оролцсон. Ажлын хэсгийн санал дүгнэлтэд ХХБ-ны талаар нэлээдгүй олон зүйлийг дурдсан. Энэ дүгнэлт өрөөсгөл, хэт нэг талыг барьсан, банкийг гүтгэсэн, нэр хүндэд нь ноцтойгоор халдсан байна. ХХБ Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Ялангуяа Нямдорж гишүүний удаа дараа хэлсэн мөнгө угаах тухай хуулийг зөрчөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. ХХБ бол Монгол Улсын ууган, хамгийн том арилжааны банк. 26 жилийн түүхэнд ганцхан энэ хэлцэлийг санхүүжүүлээгүй. Банкны нийт активийн хэмжээ 6.6 их наяд төгрөг байгаа. Нийт 3 их наяд төгрөгийн зээл олгоод байна. Үүн дотор “Монголын зэс” корпорацид олгосон зээл багтаж байгаа. 400 сая ам.долларын санхүүжилтийг бүхэлд нь ганцхан банк өгсөн мэт ойлголтыг дүгнэлтэд дурдсан байна. Ийм зүйл байхгүй. “Монголын зэс” корпорацид олгосон зээлийн үлдэгдэл 80 сая ам.доллар байгаа. Энэ манай гурван их наяд зээлийн хэмжээнд багахан хувийг эзэлж байна.
Шахаа хийдэг хүмүүс хохирох гээд байна уу
Ажлын хэсэг нэг талыг барьсан, өрөөсгөл дүгнэлтүүд хийж байна. ХХБ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Монголбанкны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган, ажиллаж байгаа. Ажлын хэсэг арилжааны банкны үйл ажиллагааг дүгнэдэггүй. Банкны үйл ажиллагааг Монголбанк, олон улсын аудитын компани шалгадаг юм. ХХБ-ны байр суурийг ганхуулж, нэр хүндэд нь халдаж, гутаах гэсэн далд санаа явж байна. Өнгөрсөн долоо хоногт бид олон улсын санхүүгийн зах зээлд босгосон дөрөв дэх бондоо 100 хувь эргэн төлсөн. Энэ төлбөрийн чадвар сайтай, үйл ажиллагаа хэвийн явж байгаагийн нотолгоо. Өнөөдөр нийгэмчлэх асуудал ярьж байна. Хэдэн он вэ, ямар нийгэм вэ. Буцаад өнгөрсөн нийгэм рүү орох болчих вий дээ. Олон улсын стандартаар ажилласан хоёр хуулийн байгууллага, ОХУ-ын Засгийн газар, Ростех компани бүгд буруутай болох уу. Монгол Улсаас өнөөдөр хэн ч хохироогүй. 51 хувьд бизнес, шахаа хийдэг хүмүүс хохирох гээд байна уу. 400 сая дээр дахиад 100 сая ам.долларыг нэмж төлнө. Хэнд ашигтай юм бэ.
Сонгуулийн босгон дээр асуудлыг дэвэргэж байна
Сонгуулийн үеэр Эрдэнэтийн хувьчлалтай холбоотой мэдээллийг нөгөө тал ашиглаж, тодорхой тойрогт нөлөөлсөн. Дараагийн том сонгууль болох гэж байгаа энэ босгон дээр энэ асуудлыг дахин дэврүүлж, өрнүүлж байна. Хувьчлал явагдсанаас хойш хагас жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр улсын Засгийн газрын төлөөллийн хажууд “Монголын зэс” корпораци өөр хяналтыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ байдлаас гурван дүгнэлт хийж болно.
В.Бат