“Мода Монголоор дуусдаг” гэх социализмын үеийн доромж үг бий. Эдүгээ цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн хэрэглээ ч дагаад өөрчлөгдсөн. Гэвч, яг үнэндээ дэлхийн зах зээлээс аль хэдийнэ түлхэгдэн гарсан бүхий л төрлийн бизнес харин эсрэгээр Монголд цэцэглэн хөгждөг бичигдээгүй хууль үйлчилсэн хэвээр. Тэр бүрийг дурьдана гэвэл дуусахгүй. Гагцхүү ашиглалтын хугацаа нь аль хэдийнэ дуусч, хэрэглээнээс шахагдаж хогийн цэгт хаягдсан машинуудын эцсийн цэг нь Монгол болж буйг энд дурьдахыг хүслээ.
Өөрсдөө машин үйлдвэрлэдэггүй ч, хямдхан, шатахуун бага зарцуулдаг хөл дүүжлэх унаатай болчих гэсэн хүсэлтэй иргэдийг буруутгах аргагүй. Гэвч бидний энэ хүсэл улс орныг минь хамгийн аюултай төмрийн хогийн цэг болгон хувиргаж буй юм биш биз.
Нэгэн үе Японы Засгийн газрын санаа зовнисон асуудлын нэг нь хуучин машиныг хогийн цэгт хадгалах явдал байжээ. Өмнөговь аймгийн нийт газар нутгийг дөрөв хуваасны нэгтэй тэнцэхүйц жижиг газар нутагтай тус улсын хувьд эл асуудал нэлээд хүнд туссан нь мэдээж. Тэгвэл эдүгээ асуудал нь аяндаа шийдэгдэж, хаях газар олдохгүй шахам болсон хуучин машинуудыг сайн дураараа, бүр мөнгө төлөн худалдан авах хүсэлтэй орнууд бий болсноор япончууд дээрх асуудлаа бага ч атугай шийдсэн хэрэг. Тэр бүү хэл, “хог” худалдан авагсдын гол төлөөлөгч нь Монгол.
Манайхан хямд үнэтэй, шатахуун бага зарцуулдаг, өвөл хурдан асдаг гэдэг утгаар нь Тоёота приус машиныг илүүтэй сонирхдог. Тиймээс нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь приус байх бөгөөд зөвхөн өнгөрсөн жил гэхэд 20 мянган приус импортолсон байх юм. Энэ нь манай улсын нийт автомашины импортын 52.5 хувьтай тэнцэж байна. Үүгээр зогсохгүй Япон, Солонгост хэдэн жил ашиглагдсан нь огт хамааралгүй.
Харин Монголд орж ирээд хэдий хугацаанд явсан нь тухайн машины шинэ, хуучныг илтгэх хэмжүүр болж байгаа нь нууц биш. Агаарын бохирдлын хэмжээгээрээ Азидаа толгой цохиж буй улсад нөгөө л хуучин машинууд нь гудамжаар хөлхөлдөж, хорт утаагаа цацсаар. Улмаар хэдэн жил яваад таг зогсох үед нь мөн л задлан зардаг тогтолцоотой.
Япон, солонгосчуудын гологдол хуучин машиныг худалдан авч унах, өнөөх машин нь эвдэрвэл дахин нэг хуучин машины арай гайгүй ажиллагаатай сэлбэгийг худалдан авч тавих. Ингэсээр машины сэлбэг, хэрэгслийг авах юмгүй болтол нь ашигладаг цэг нь Монгол болон хувирч байгаа юм. Энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ. Гэхдээ гарц бий. Бусад улс орны иргэдийн адил өөрсдийн автозамын дүрэмд тохирсон зөв талдаа жолооны хүрдтэй, шинэ, хямд машин худалдан авч ашиглах боломж бидэнд байна. Ингэхдээ урд хөршөөсөө шинэ машин импортолъё.
Японоос хуучин, хаягдал машин оруулж ирж байснаас хилийн цаана орших хөршөөсөө шинэ машин авъя. Эрх баригчид ч гэсэн эдийн засгийн нягт харилцаатай тус улсын Засгийн газартай гэрээ хэлцэл байгуулж, гаалийн татвараас нь хөнгөлчих хэрэгтэй. Гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал хэмнэгдсэн цагт шинэ, хямд машиныг ашиглах боломж бүрдэх бус уу. Ер нь дэлхийн томоохон машин үйлдвэрлэгч компаниудын сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх бүхий л компаниуд БНХАУ-д байна.
Түүгээр ч зогсохгүй өнгө үзэмж сайтай, чанартай төмөр хүлгүүдийг ч тэд дотооддоо үйлдвэрлэж байна. Харин үүнийг бид боломж гэж харах хэрэгтэй болов уу. Өнөө үед машингүйгээр ажил амьдралаа зохицуулна гэдэг тун хүнд. Яах вэ, нийтийн тээвэр дэлхийн бусад хотуудынх шиг сайн хөгжсөн бол нөхцөл байдал арай өөр байхсан. Гэтэл манайд төдийлөн хөгжиж амжаагүй байна.
Газар нутаг томтой, таруу байрлалтай манайх шиг оронд өөрийн гэсэн хөл дүүжлэх унаатай болох хэрэгцээ байвч, шинэ машин худалдан авах санхүүгийн боломж байхгүй тул цаашдаа ч хуучин машин худалдан авагсдын тоо цөөрөхгүй л байх. Тиймээс хуучин машинуудыг зах зээлээс шахан гаргахын тулд өмнөд хөршөөсөө машин импортолбол ямар вэ, эрх баригчид аа.
Эх сурвалж: mminfo.mn
Б.Даваахүү