Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаагаас ипотекийн зээлийн шинэ журмын талаар тодрууллаа.
-Ипотекийн зээлийн санхүүжилт өнгөрсөн долоо хоногоос эхлэн шинэ журмаар олгогдож эхэллээ. Шинэ журмын дагуу ипотекийн зээл олголтод ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Монголбанкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаал энэ сарын 25-ны өдөр батлагдсан. Үүгээр орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталсан байгаа. Шинэ журмаар голлох хоёр өөрчлөлт орсон.
Нэгдүгээрт, ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ. Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм. Ингэхдээ Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгох юм.
Цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас нөхөж олгох байдлаар явагдах юм.
Журамд орсон хоёр дахь гол өөрчлөлт юу гэхээр тухайн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлээр авсан тохиолдол гарч байсан. Цаашдаа ийм байдлаар нэг зээлдэгч олон давхар зээлтэй байх боломжгүй гэсэн үг. Хэрэв өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой.
-Бондын төлбөр, зээлийн эргэн төлөлт сард дунджаар хэдэн тэрбум төгрөг байдаг вэ. Энэ нь сард ирж байгаа хүсэлтийнхээ дүнд хүрэлцэхгүй байх?
-Дунджаар 22-25 тэрбум төгрөг байдаг. Энэ хэмжээний эргэн төлөлтийг бид тухайн сард нь банкуудад хуваарилна гэсэн үг. Яаж хуваарилах вэ гэх асуулт гарч ирнэ. Тэгэхээр тухайн сард эргэн төлөгдөж байгаа зээлийн дүнг бид задалж хараад, аль банкнаас хэдэн төгрөгийн зээлийн эргэн төлөлт орж ирсэн бэ гэдгийг тодорхойлчихно. Тэр дүнгээр нь тухайн банкинд нь эргүүлж хуваарилах юм.
Нийт эрэлттэйгээ харьцуулахад энэ хэмжээний санхүүжилт мэдээж бага. Гэхдээ энэ нь иргэдийн зээл шийдэгдэхгүй гэсэн үг биш. Бид эхний ээлжинд арилжааны банкууд руу 35.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдэж, олгоод байна. Цаашдаа сар бүр зээлийн эргэн төлөлттэй нь уялдуулж, тодорхой дүнтэй санхүүжилтийг банкуудад олгох юм.
-Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт болон купоны төлбөрөөр санхүүжилт олгоно гэж байна. Тэгвэл долоодугаар сараас хойш ипотекийн зээл олгогдоогүй байгаа. Тэгэхээр ИЗББ-ын купоны төлбөр, зээлийн эргэн төлөлтөд тодорхой хэмжээний мөнгө төвлөрсөн байх?
-Долоодугаар сараас хойш эргэн төлөлт болон ИЗББ-ын төлбөрийн дүн ойролцоогоор 50 орчим тэрбум төгрөг байгаа. Тэгэхээр эхний ээлжийн санхүүжилт 50 орчим тэрбум төгрөг байна. Дараагийн сараас сар тутмын хуримтлагдсан мөнгөөрөө санхүүжилт олгогдоод явна. Тэр нь сард дунджаар 22-25 тэрбум төгрөг.
-Хугацаа, урьдчилгааны дүнд өөрчлөлт орсон уу?
-Хугацаа 30 хүртэлх жил, урьдчилгаа төлбөр мөн 30 хувиар тогтож байгаа. Ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбай 80 ам.метрээс ихгүй байна.
Эх сурвалж: mminfo.mn