Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийж, Эрдэнэтийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг танилцууллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлыг төрөөс томилох юм байна.
"Эрдэнэт"-ийн ТУЗ долоон гишүүнтэй байх бөгөөд тэдний дөрөв нь төрийн төлөөлөл байх аж. Төрийг төлөөлж УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд нарыг томилжээ. Харин "Эрдэнэт" -ийн шинэ хувьцаа эзэмшигч буюу Mongolian Copper Corporation-н талаас ТУЗ-ийн гишүүнээр Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг томилсон байна. ТУЗ-ийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн удирдах юм байна.
-Гүйцэтгэх захирдын томилгоо яригдаж байгаа юу?
-ТУЗ хуралдаж, захирлаа томилно. Нэр дэвшүүлэх хороо нэрээ оруулж, ТУЗ захирал, дэд захирлуудаа томилно. ТУЗ-ийг томилсноор төр бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Харин захирал томилох, компанийн өдөр тутмын асуудлыг ТУЗ хариуцна.
-ТУЗ-ийг төр томилж байна. Гүйцэтгэх захирлыг 49 талаас томилно гэж яригдаж байсан?
-Нөгөө талаас ийм зүйл ярьсан. Эсвэл ТУЗ-ийн дарга, гүйцэтгах захирлын томилгоог хоёр хоёр жилэр ээлжилье гэсэн саналыг тавьсан. Үүнийг Засгийн газар, Төрийн өмчийн хорооны хүрээнд яриад боломжгүй гэсэн хариуг өгсөн. Монголын стратегийн том үйлдвэр, эрдэнэтчүүдийн эрх ашгийн үүднээс тохиролцсон. ТУЗ-д төр олонх байна, захирлыг төр томилно гэдэгт тохиролцоонд хүрсэн. Энэ асуудал удаан хугацаанд яригдсан.
В.Бат