Зам тээврийн хөгжлийн яам 100 хоногийн ажлаа тайлагналаа
2016-10-21

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

 

 

Шинэ Засгийн газар байгуулагдаж салбарын сайд нар ажлаа хүлээж аваад 100 хоног болж байгаа. Энэ хугацаанд зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын ажлуудыг идэвхижүүлж, Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг ажлуудад түлхүү анхаарал хандуулж ажиллаж буй талаараа сайд Д.Ганбат онцлов.

 

Тэрээр зам, тээврийн салбарт өнгөрсөн жилүүдэд төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж ирсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байсныг хэлээд ирэх 4 жилд Монгол Улсын Засгийн газраас төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийх, БНХАУ, ОХУ-ыг холбосон коридорын тоог нэмэгдүүлэх, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулж, Ази-Европыг холбох гүүр болгох бодлого баримтлан ажиллаж байгаагаа хэлж байв.

 

Цаашид төмөр замын салбарт “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд олон зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнд “Шивээхүрэн-Сэхэ”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Хөөт-Бичигт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам, Оюутолгойн салбар төмөр замын ажлуудыг барьж ашиглалтад оруулах, Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, “Богдхан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх, “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Тус яамнаас агаарын тээврийн дотоод, гадаадын сүлжээг нэмэгдүүлэн, орон нутаг, олон улсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх, үнэ тарифийг бууруулах, бага оврын агаарын хөлөг, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах юм байна.

 

Иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсч, агаарын навигацийн болон нисэх буудлуудын дэд бүтцийг сайжруулахад сүүлийн 5 жилд гэхэд 150 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байгаа талаар сайд Д.Ганбат хэллээ. Хамгийн том хөрөнгө оруулалт болох жилдээ 3 сая зорчигчдыг нэвтрүүлэх хүчин чадалтай, 617 сая ам.доллараар байгуулж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт бөгөөд энэхүү нисэх буудлыг 2017 оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

Мөн тэрбээр ажлаа тайлагнах үеэрээ авто тээврийн салбарт ихээхэн анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн. Ингэхдээ автотээврийн хилийн боомтуудыг нээх, зорчигч тээврийн байнгын үйлчилгээг зохион байгуулах, ачаа, зорчигч тээвэрлэх зөвшөөрлийн системийг нэвтрүүлэх, хилийн боомтуудад автотээврийн үйлчилгээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа талаараа танилцуулав. Энэхүү ажлын эхлэл болгож Тяньжин боомт–Улаанбаатар-Улаан-Үд хотын чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан юм. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаатын боомтоор ӨМӨЗО-ны Манжуур хотыг хүртэлх зорчигчдын тогтмол тээврийн маршрутыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин