“Оюу толгой” компани гүний уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр хэд хэдэн компанитай гэрээ байгуулаад буй. Тэгвэл ээлжит гэрээгээ саяхан байгуулжээ. Энэ удаа Хасу Мегаватт ХХК болон Редпаф-Монгол компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын болон туслах үйлчилгээний гэрээг байгуулсан байна
.
Оюу толгойн гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Энэхүү гэрээ нь гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буй үеийн нэгэн томоохон үйл явдал бөгөөд үндэсний ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөн, дотоодын чадварлаг ажиллах хүчнийг нэмэгдүүлэх хариуцлагаа бататгаж буй явдал юм. Даян нь дотоодын компаниийн нөөц бололцоо, гүний уурхайн бүтээн байгуулалтад мэргэшсэн олон улсын компанийн түншлэлд тулгуурлан, дэлхийн жишигт нийцсэн туршлага, ур чадварыг дотооддоо хөгжүүлэн нэвтрүүлсэнээр урт хугацааны үр өгөөжийг Монгол Улсад бий болгох болно” гэв.
Харин “Даян Контракт Майнинг” компанийн Гүйцэтгэх захирал Брюс Данлоп “Уул уурхайн салбарын хамгийн чухал төслүүдийн нэг болох Оюу толгойн гүний уурхайн төсөлд хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна. Бид цаашид Оюу толгойтой урт хугацаанд түншлэн ажиллаж, дэлхийн жишиг уурхайг бүтээн байгуулж, гүний уурхайд ажиллах үндэсний шилдэг ажиллах хүчийг бэлтгэнэ” гэсэн байна.
Гүний уурхайн болон туслах үйлчилгээний гэрээнд Оюу толгой уурхайн дахь хоёр, тавдугаар босоо амуудын нэвтрэлтийг гүйцэтгэх ажил багтсан. Эдгээр босоо амын нийт гүн нь тус тус 1 284м болон 1 178м байна. Хоёрдугаар босоо ам нь 10м диаметртэй бөгөөд дэлхийн хамгийн том босоо амуудын тоонд ордог. Харин тавдугаар босоо ам нь агааржуулалтын зориулалттай ба 6.7м диаметртэй байна.
Мөн энэ гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлчилгээний ажил буюу хөндлөн малталт хийх, том хэмжээний ухалт, малталт болон гүний уурхайн үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэнэ.
Уншиж байна |