Цахилгаан станцуудыг хувьчлахгүй
2016-10-05

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн оны УИХ-ын 70-р тогтоол, Засгийн газрын 330-р тогтоолоор дулааны цахилгаан станцуудыг хувьчлах жагсаалтыг баталсан. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хувьчлахгүй гэдгийг Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдэгджээ. Энэ талаар тус холбооны дарга Х.Буянжаргал, ДЦС III ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Эрдэнэсайхан нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Дээрхи тогтоолоор “ДЦС-4” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК  болон Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцын 30 хувийг хувьчлах шийдвэр гарсан. Тус шийдвэрийг Эрчим хүч геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж Засгийн газар болон Эрчим хүчний яаманд  удаа дараа шаардлага хүргүүлжээ.  Улмаар өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзаж, ярилцсан байна. Энэ үеэр Ерөнхий сайд  энэ засгийн газрын үед цахилгаан станцуудыг хувьчлахгүй гэдгийг хэлжээ.

 

Энэ талаар Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Ерөнхий сайд хувьчлахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Худалдаа хөгжлийн банкны нөхдүүд “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг хувьчилж авсан. Дараагийн төлөвлөгөө нь дулааны цахилгаан станцуудыг хувьчилж авах гэж байна  гэдэг зүйлийг хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ. Гэвч бид Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байна” хэмээв.

 

"ДЦС-3" ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Эрдэнэсайхан хувьчлал хийж болно. Гэхдээ ил тод, нээлттэй, шударга, ажилчдын эрх ашгийг зөрчихгүй байвал зохих талаар үзэл бодлоо хуваалцлаа.

 

Эрчим хүчний салбар нийт цахилгаан үйлдвэрлэлийн 85 хувийг нүүрсээр ажилладаг Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэдэг аж. Эрчим хүчний нөөц зохих түвшингээс багасах, оргил ачааллын горимд ажиллах, системийн тогтворжилтыг хангахад импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ нийт хэрэглээний 20 орчим хувийг эзэлдэг байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хувьчилж болохгүй:
Хувьчилж болохгүй, Монгол улс оршин тогтнож, төртэй байгаа л бол өөрийн мэдэлд байлгаж түүгээрээ дамжуулан бодлогоо хэрэгжүүлнэ. Ардын нам арай л тулхтай юмаа. Би Ардчилсан намыг үүсгэн байгуулагчийн нэг ч гэлээ манай нам бол зүгээр л тохиолдлын Сайханбилэг, Баярцогт мэтийн сайхан дохгодогчид хөнгөн хуумгайчуудын нам болсонд харамсаж байна. Бүх юмыг хувьчил, төр огт оролцож хэрэггүй гэж мэдэмхийрэгч Сосорбарам мэт ч хэрэггүй, маш нухацтай байх хэрэгтэй. Монгол орон төр нь өөртөө байлгаж бодлого явуулах ёстой цахилгааны шугам сүлжээ нь ямар хөөрхийлөлтэй болсон байгаа билээ.
2016-10-08