Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хуралд Монголбанкны санхүүгийн зах зээлийн явц, эрсдэлийн байдалтай танилцсан дүнгийн тухай гишүүн Ж.Үнэнбатын мэдээлэл, Монголбанкны судалгаа, статистикийн газрын статистик судалгааны ажлын байдал, явцтай танилцсан талаарх тус газрын захирал Д.Ган-Очирын сонсгол, Монголбанкны авлага барагдуулах ажлын 2016 оны эхний хагас жил хүртэлх тайлангийн тухай болон бусад асуудлын хүрээнд Монголбанкны санхүүгийн II улирлын тайлан, Монголбанкны Дотоод аудитын газрын 2016 оны II улирлын тайлангийн талаар гишүүн Д.Нямаа мэдээлэл хийв.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, цэвэр нөөцийг сэргээх, валютын нөөцийг олон улсын тоон мэдээлэл түгээх тусгай стандартын дагуу мэдээлж ажиллах журамд шилжихийг даалгажээ.
Мөн судалгааг цаг үеийн нэн тулгамдсан асуудлаар явуулж ажиллах, эдийн засагт сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлийн болзошгүй үр дагаврыг урьдчилан тооцож, бууруулах талаар санал зөвлөмж дэвшүүлсэн судалгаа, статистикийн ажлын үр дүнг шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид хүргэж ажиллахад анхаарах, төлөгдөх эсэх нь эргэлзээтэй гэж үзэж, болзошгүй эрсдэлийн сан байгуулсан авлагуудыг нарийвчлан судалж, найдваргүй гэдгийг тогтоосон авлагыг зохих шийдвэрийн дагуу дансаас хасах арга хэмжээ авахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөжээ.
Уншиж байна |