Монголбанкны захирлуудын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. Үүнийгээ тайлбарлахдаа “Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилготой” гэв.
Аливаа улс орнуудын Төвбанк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь шууд хамаарна. Ингэснээр арилжааны банкуудаас зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. Мөн инфляц буурах нөхцлийг бүрдүүлдэг.
Төв банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх нь эргээд бодит эдийн засагтаа дарамт болдог гэдгийг эдийн засагчид ярьж байгаа юм. Бэлэн мөнгөний урсгал багасах эсвэл зээлийн хүү нэмэгдэх нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд тийм ч таатай бус хэмээн шинжээчид хэлж байна.
С.УЯНГА
Үйл явдлын эргэн тойронд бид УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын байр суурийг сонирхлоо.
-Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь болгож нэмэгдүүллээ. Үр дагавар нь яаж гарах бол?
-Одоохондоо хэлэхэд хэцүү. Тодорхой загвар боловсруулж, янз бүрийн хувилбараар үзэж байж шийдвэр гаргасан болов уу. Тэнгэр рүү харж байгаад шийдвэр гаргачихаагүй байх. Нөгөө талаас сүүлийн үед төгрөгийн ам.доллартай харьцах хэлбэлзэл дээшилж доошилж байна. Үүнтэй холбоотойгоор хүлээлт үүсээд байна гэж ойлгож байгаа. Монголбанк, Сангийн яам хоёр аль нь ч эдийн засгийн хүлээлтийг залж чиглүүлэхдээ их муу. Ханшийн хэлбэлзэл хүчтэй байгаад сөрөг гэж хэлж болохоор үр дагавартай болсноос гадна улс төрийн учир шалтгаан ч байгаа байх шиг. Өөрөөр хэлбэл, доллар төгрөгийн ханшийн хэлбэлзэл ямар байхаас шалтгаалж бодлогын хүүгээ нэмлээ гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.БОЛОР