“Талст трейд” компаний захирал Г.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Бондоос авсан зээлээрээ үйлдвэр нээсэн гэж сонслоо. Ямар бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр вэ?
-Бондоос 630 сая төгрөг зээлж металл хаалга, металл хийц, металл тавилгын үйлдвэр шинээр нээлээ. Металлаар хийж болох бүх л бүтээгдэхүүнийг хийж байна. Шаврын тэргэнцэр, галын хайрцаг, цахилгааны шийдний хайрцаг, хогийн сав, төрөл бүрийн төмөр хаалга гээд металлаар хийж болох бүх л зүйлийг үйлдвэрлэж байна.
-Гадны улсуудаас импортоор орж ирж байгаа бараанаас чанар, үнийн хувьд давуу талтай юу?
-Чанарын хувьд ойролцоо. Хятадаас орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулбал чанарын хувьд хавьгүй илүү. Учир нь манай үйлдвэр бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг ОХУ-аас оруулж ирдэг юм. Тэр ч утгаараа худалдан авагчдадаа чанарын баталгаа өгч байгаа. Чанарын тухайд өндөр ч гэлээ үнийн хувьд ойролцоо.
-Бондынх шиг хүү бага, хугацаа тавиу ийм санхүүжилт үйлдвэрлэгчдэд хэр хэрэгцээтэй гэж та бодож байна?
-Ийм зээл л бидэнд хэрэгтэй байсан юм. Одоо ч, цаашид ч хэрэгтэй. 1995 оноос хойш Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь ердөө л зээл. Хүү багатай, хугацаа урт зээл байхгүй учраас Монголд үйлдвэрлэл хөгжихгүй өнөөдрийг хүрсэн. Өмнө нь үйлдвэрлэгчид 1-2 жилийн хугацаатай, 24-36 хувийн хүүтэй зээл авдаг байсан. Ийм байхад үйлдвэрлэл хөгжүүлье гэж мянга яриад нэмэргүй л дээ. Харин энэ бондын буянаар үйлдвэрлэгчид бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдаж чадлаа. Энэ зээлийг ингээд зогсоочихвол дөнгөж сэргэж байгаа үйлдвэрлэл эргээд унах эрсдэлтэй. Тэгэхээр бондынх шиг хүү бага, хугацаа урт зээлийн бодлогыг цаашид ч үргэлжлүүлэх шаардлагатай. Үйлдвэрлэгчдийг дэмжих дараагийн алхам нь тов тодорхой. Төр худалдан авалтаа дотоодын үйлдвэрлэгч компаниудаас хиймээр байна. Бидний үйлдвэрлэж байгаа хаалга, сандал, ширээг сургууль цэцэрлэг, эмнэлгийн хэрэгцээнд зуучилж өгвөл маш том дэмжлэг болох гээд байна. Өөрсдөө хийж чадаад байгаа сандал ширээгээ гаднаас авах хэрэг юу байна.
Ц.Түвшин
Уншиж байна |