Математикийн шалгалт хэвийн явагдсан гэв

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын тестийн хариу задарсан эсэх асуудлаар Цагдаагийн Ерөнхий газар болон Боловсролын Үнэлгээний төв хамтарсан хэвлэлийн хурал хийлээ. Тус хуралд БҮТ-ийн захирал Г.Аззаяа, тус төвийн хэлтсийн дарга Л.Ганбат, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү нар оролцов.
Их дээд, сургуульд элсэгчдийн ЭЕШ энэ сарын 15-19-ны хооронд улс орон даяар явагдаж дууссан. Гэтэл шалгалтын материалын хариуг БҮТ-ийн ажилтан тараасан гэх асуудлыг эцэг эх, багш, сурагчид тавиад байв. Үүнд ЦЕГ-аас хяналт шалгалт явуулж эзэн холбогдогчийг урьдчилсан дүгнэлтээр тогтоожээ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ЕБС-ийг энэ жил төгссөн Э гэгч нь 2016 оны зургадугаар сарын 16,17-ны өдрүүдэд фэйсбүүк олон нийтийн сүлжээг ашиглан ЭЕШ-ын математик, нийгмийн хичээлийн хариу гэх мэдээллийг Н, Б, Х, Б гэгч энэ жил төгсөж буй хүүхдүүдэд худалдаалсан болох нь эхний байдлаар тогтоогдсон. Уг мэдээллийг худалдаалсан Э гэгч нь шалгалтын хариу гэх материалаа З гэгч мөн энэ жил сургууль төгсөж буй хүүхдээс худалдаж авсан асуудал шалгагдаж байна. Харин З гэгч нь уг материалыг хувийн их дээд сургуулийн эдийн засгийн онолын багш ажилтай 52 настай Д гэгчээс худалдан авсан. Уг Д нь арванхоёрдугаар анги төгсөж байгаа сурагчдад ЭЕШ-т бэлтгэх давтлагыг хувиараа өгдөг багш. Д гэгч нь тухайн материалыг З гэгчид худалдаалахдаа “ЭЕШ-ын тексэнд ирж болзошгүй” хэмээж худалдаалсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөн Д гэгч нь БҮТ-ээс гаргаж буй ЭЕШ-ын тест боловсруулах комисст ажилладаггүй хүн” хэмээв.
Харин тарсан гэх материал БҮТ-ээс боловсруулсан текс мөн эсэх талаар БҮТ-ийн хэлтсийн дарга Л.Ганбат ийн ярив. Тэрбээр “Шалгалтын үеэр үүссэн мэдээлэлд тулгуурлан манай төвөөс математикийн хичээлээр шалгалт өгсөн шалгуулагчдын оноожуулалт, үр дүнд нарийвчилсан шинжилгээг хийлээ. Олон улсад ашиглагддаг үнэлгээний аргаар өмнөх онуудтай 2016 оны шалгалтын үр дүнг харьцуулахад өндөр оноо авсан хүүхдүүдийн онооны тархалт багассан үзүүлэлт гарсан. Хэрвээ шалгалтын материалийн хариу задарч түүнийг олон хүүхдүүд хуулсан тохиолдолд олон улсын аргачлалаар гаргадаг график өөрчлөлттэй буюу өсөлттэй гарах учиртай. Тэгэхээр шалгалтын үр дүн хэвийн явагджээ гэдэг дүгнэлтийг шууд хийж болохоор байна. Улсын хэмжээнд өндөр оноо авсан хүүхдүүдийн тоо нийт шалгуулагчдын эзлэх хувь нь өмнөх жилийнхтэй харьцуулбал хэвийн байна. Тэгэхээр шалгалт хэвийн явагдсан гэж үзэж байна” хэмээн ярилаа.
Баар кодон дээрхи тоо, ЭЕШ-ын математикийн Б хувилбарын гүйцэтгэх ёстой нийт 36 даалгаврын 3-4 хариулттай зөрч буй ч бусад нь таарч байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Тэгвэл тус баар кодыг БҮТ-ээс шалгалт дууссаны дараа гарч ирсэн мэдээлэл гэж өөрсдөд байгаа материал дээр тулгуурлан үндэслэжээ. Энэ талаар Л.Ганбат хэлэхдээ “Нийт шалгуулагчдын хариултын мэдээлэлтэй тулгаж үзсэн. Яг тэр баар кодон дээр байгаа шоглоомын дагуу шалгуулагч нарын хариултын хуудсан дээрээ бөглөсөн байдлыг судалж үзсэн. Ингэхэд улсын хэмжээнд нийтдээ 6 хүүхэд тухайн баар кодон дээр байгаа шоглоомын дагуу яг адилхан будсан байгаа юм. Эдгээр 6 хүүхдийг судлаад үзэхэд Улаанбаатар хотын дөрвөн өөр сургуулийн 4 хүүхэд, хөдөө орон нутгийн 2 хүүхэд байгаа. Нийслэлийн 6 сургууль нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай өөрөөр хэлбэл ийм хэмжээний өндөр оноо авахуйц бодож чадахаар сурагчид суралцдаг судалгаа байгаа юм. Тиймээс баар код бүхий хариулт нь шалгалтын үед биш дараа гарсан гэдгийг судалгаагаар баталж байна. Тэгэхээр баар кодон дээрхи хариулт зөв. Гэхдээ тухайн код шалгалт явагдсанаас хойш тарсан мэдээлэл. Тиймээс математикийн шалгалт хэвийн явагдсан” хэмээн тайлбарлав.
Иймд БҮТ-ээс шалгалтын явцад баримтжаагүй материал ашиглан бусдын сэтгэхүйд нөлөөлж иргэдийн дунд буруу ташаа мэдээллийг санаатай болон санаандгүй хэлбэрээр тараасан нөхдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ хэллээ. ЦЕГ-аас одоогоор худалдан авсан хүүхдүүдээс тайлбар авах ажлыг зохион байгуулж байгаа юм байна
Шалгалтын материал боловсруулах, хэвлэх, уутлах битүүмжлэх зэрэг ажилд нийтдээ 40 орчим хүн ажилладаг байна. Эдгээр хүнийг шалгалт эхлэхээс сарын өмнө утасгүй, интернетгүй, камержсан вакум орчинд байршуулж 24 цагийн цагдаагийн хамгаалалтан дор ажлуулдаг аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ