“Дулааны цахилгаан станц III” төрийн өмчит хувьцаат компанийн техникийн бодлогын хэлтсийн дарга Г.Амартүвшинтэй ярилцлаа.
-Бондын санхүүжилтээр танай станцад ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ? Өмнө нь ямар байсан бэ?
-Манай станц дээр 50 МВт-ын өргөтгөлийн ажил хийгдсэн. Энэ өргөтгөл 2013-2014 онд амжилттай хэрэгжсэн. Төсөл хэрэгжихээс өмнө манай станц жилдээ 6.3 тэрбумын алдагдалтай ажилладаг байсан юм. Төсөл хэрэгжсэнээр жилдээ 1.6-2.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Мөн манай борлуулалтын үнэ 15 орчим төгрөгөөр буурсан. Энэ нь эрчим хүчний системийн алдагдлыг тэглэхэд чухал нөлөө үзүүлсэн.
-Өргөтгөснөөр хэдэн айлыг нэмж эрчим хүчээр хангах чадалтай болов?
-Жилдээ 122 мянга таван зуун айлыг эрчим хүчээр хангах чадалтай. Дулааны хангамжийн хувьд манай станц өвлийн ид ачааллын үед Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглэгчдийн 40 хувийг хангаж байна.
-Өмнө нь их ачааллын үед хүндхэн байсан уу?
-Тийм шүү. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө 2012, 2013 онд өвлийг нэлээн хүнд давдаг байсан. Учир нь бүх тоноглолуудаа ажиллуулдаг, маш эрсдэлтэй байсан. Бэлтгэл тоноглол байдаггүй, хэрэглэж байгаа тоноглол 40, 50 жил ашиглаж элэгдэлд орсон гээд асуудал их байлаа. Энэ тоноглол зогсвол шууд хэрэглэгчдэд цахилгаан, дулааны хязгаарлалт үүсэх эрсдэлтэй байсан. Энэ төслийг хэрэгжүүлснээр хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна эрсдэлээс хамгаалах нэг том хөшүүрэг болж байгаа юм.
“Дулааны цахилгаан станц-IV” төрийн өмчит хувьцаат компанийн албаны дарга Б.Цэвээнээс тодрууллаа.
-Бондын санхүүжилт танай станцад ямар үр өгөөж өгсөн бэ?
-Манай станц бондын 121 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ турбагенераторын өргөтгөл хийгдсэн. Үүний хэвийн хүчин чадал нь 123 МВт, дээд хүчин чадал нь 130 МВт. 120 МВт гэдэг 12 орчим аймгийг тэр чигт нь цахилгаанаар хангах боломж бүрдсэн гэсэн үг. 45 мянган айлыг дулаанаар хангах эх үүсвэр бий болсон. Сүүлийн 30 жилд эрчим хүчний салбарт ийм том өргөтгөл хийгдээгүй. Шаардлагатай эрчим хүчийг өмнө нь ОХУ-аас импортоор авч хангаж байсан юм. Өнөөдөр Монгол улс өөрөө цахилгаан эрчим хүчийг гадаадаас авахгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хангадаг болсон. Гэхдээ бие дааж ажиллах болоогүй байна. Учир нь насжилт их, тоног төхөөрөмж муудсан гэх мэт шалтгаан бий.
-Энэ санхүүжилт орж ирээгүй байсан бол Улаанбаатар хэцүүдэх байжээ...?
-Тэгэх байсан. Улс төржөөд байх хэрэг байхгүй. Хийсэн л бол үнэнээр хэлэх хэрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газар Чингис бонд, Самурай бондыг босголоо. Үүгээр гэр орноо тохижуулахад ашигласан. Өөрөө өөрсдийгөө авч явах, бие даах боломжийг бүрдүүлсэн.
Уншиж байна |