“Бэрэн групп” компанийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Батболдтой ярилцлаа.
-Бондоос санхүүжилт авснаар ямар бүтээн байгуулалт өрнүүлсэн бэ, хэдэн төгрөгийн зээл авав?
-Манай компани Эрдэнэт хотод жилд 200 мянган тонны хүчин чадалтай Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийг барьж байна. Энэ онд эхний үйлдвэрлэлийн шугам нь ашиглалтад орно. Бид Чингис бондоос 22.7 сая ам.долларын зээл авч үйлдвэртээ хөрөнгө оруулсан. Үйлдвэрийн эхний ширмэн зуухны үйлдвэр ашиглалтад орчихсон байна. Үйлдвэрлэлийн технологийн хувьд Японы хэд хэдэн компаниудтай хамтарч ажиллаж байна. Манай үйлдвэр ашиглалтанд орсоноор 1500 гаруй ажлын байр бий болно. Манай үйлдвэрийг дагаад цаашид жижиг, дунд төмрийн үйлдвэрүүд байгуулагдаж, хөгжих боломжтой.
-Танай үйлдвэрээс хэдэн төрлийн бүтээгдэхүүн гарах вэ?
-Монгол Улсын эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэсэн зорилт тавьж байна. Барилгын ган төмөр хийц, тулгуур төмөр, ган бөмбөлөг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
-Гадаадаас орж ирэх хэдэн төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо авч болно гэсэн үг вэ?
-Манай үйлдвэр ажиллаж эхэлснээр 100-150 сая ам.долларын бодитой импортыг орлоно. 2014 оны байдлаар 400 мянга орчим ган төмрийн хэрэглээ байна гэсэн тоо бий. Үүний 90 хувийг бид гадаадаас импортолж байна. Жилдээ 300 сая орчим ам.долларын ган төмөр бүтээгдэхүүнийг гаднаас авдаг гэсэн үг. Үүний 100-150 сая ам.долларыг нь орлох зорилт тавиад байна.
-Бондын санхүүжилтийн давуу талыг үйлдвэрлэгчийн зүгээс юу гэж бодож байна?
-Засгийн газар бодлогоор дэмжихгүй бол аль ч газрын төмөрлөгийн үйлдвэр хөгжихөд бэрхшээлтэй. Засгийн газраас бондын санхүүжилтийг өгснөөр энэ боломж манай үйлдвэрт нээгдсэн гэж бодож байна. Татварт 20-30 сая ам.доллар төлнө гэсэн тооцооллыг бид гаргасан.
эх сурвалж:www.news.mn
Уншиж байна |