Ази, Европын хүнсний аюулгүй байдлыг Улаанбаатарт хэлэлцэнэ
2016-06-20

АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт өнөөдөр манай улсад эхэлж байна. 

 

 

Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно. Мөн Монгол дахь Элчин Сайдын Яамд консулын газрууд, Европын холбоод оролцож байна.  Уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих болон үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэх юм байна. Хурлын үеэр дэлхийн хүнсний хангамжийн баталгаагүй байдлыг хэрхэн шийдвэрлэх, урт хугацааны туршид хүнсний аюулгүй байдлын түвшинг тогтвортой байлгах арга хэмжээ авах зэрэг түлхүү анхаарах аж.

 

Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд зохиогдох юм байна. Үүнд:

  • Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал /хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга зам/

 

  • Хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал /Зах зээлийн чиг хандлага/

 

  • Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлага

 

  • Мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр /хил дамнасан малын халдварт өвчин/

 

  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, анхаарах асуудал зэрэг илтгэлүүд тавигдах юм байна.
Shuud.mn
Сонин хачин