Ж.Батаа: Ам.долларын ханш тогтвортой байна
2016-06-17

Монголбанкны Зах зээлийн газрын захирал Ж.Батаагаас ам.долларын ханшийн талаар тодрууллаа.

 

  • Энэ оны гуравдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050 төгрөгт хүрч байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 90 төгрөгөөр сулраад байна. Америк долларын ханш ямар шалтгаанар сулраад байна вэ?
  •  

- Аливаа бүтээгдэхүүн зах зээлд ховор болж эхлэх үед үнэ нь өсч, харин элбэгших үед үнэ нь буурдаг. Яг үүнтэй адил зарчим валютын захад үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл, валютын ханш гэдэг манайд орж, гарч буй валютын тэнцвэрийн илэрхийлэл шүү дээ. Өнөөдрийн байдлаар банкуудын ам.доллар худалдах ханш 1965-1968 төгрөг, Монголбанкнаас зарласан ханш 1961 төгрөгт тус тус хүрээд байна. Энэ нь оны эхнээс 35 орчим төгрөг буюу 1.7 хувь, гуравдугаар сарын сүүлээс 90 орчим төгрөг буюу 4.4 хувиар тус тус чангарсан үзүүлэлттэй байна.

 

- Төгрөгийн ханш чангарсанд улирлын нөлөөлөл ч  байгаа байх...?

 

- Хөвөгч ханшийн дэглэм бүхий манай орны хувьд төгрөгийн ам.доллартай харьцах ханш эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр тогтдог. Мөн эдийн засгийн бүтцийн онцлогоос шалтгаалан улирлын шинжтэй өөрчлөлтүүд ажиглагддаг л даа. Тухайлбал жил бүрийн нэгдүгээр  улиралд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид сулрах дарамт ирдэг бол хоёрдугаар улирлаас энэ дарамт мэдэгдэхүйц буурдаг. Өмнөх жилийн мөн үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэгдүгээр улирлын эцсээс 5.1 хувиар чангарч байсан бол 2016 оны хоёрдугаар улиралд 4.4 хувиар аажим чангараад байна. Энэ нь дээр дурдсан улирлын нөлөөллөөс гадна Засгийн газар 500.0 сая ам.долларын бонд, 250.0 сая ам.долларын синдикат зээлийг татаж, дотоодын валютын захын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, валютын захад оролцогчдын хүлээлтэд нөлөөлснөөр тайлбарлагдаж байна.

 

- Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн нь ч төгрөг чангарахад нөлөөлсөн гэж ярьж байгаа. Энэ хэр бодитой тайлбар вэ ?

 

- Оюу толгойн гүний уурхайн санхүүжилт шийдвэрлэгдсэнээр Оюутолгой ХК-ийн үйл ажиллагаа эрчимжиж гадаад гүйлгээний орох урсгал нэмэгдэж байгаа гэсэн шалтгаан бий. Сая дурдсан олон хүчин зүйлээс үүдэж төлбөрийн тэнцлийн энэ оны эхний дөрвөн сарын гүйцэтгэл 202.3 сая ам.долларын эерэг дүнтэй гарлаа.  Тодруулж хэлбэл, ингэснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарах суурь нөхцөл бүрдэж байгаа юм.

 

- Энэ үед Монголбанкнаас валютын захад хэрхэн оролцож байна вэ?

 

- Монголбанкнаас зөвхөн богино хугацааны шинжтэй ханшийн огцом хэлбэлзэл үүссэн тохиолдолд валютын захад оролцдог. Ялангуяа хөрөнгө оруулалт татарсан, эрдэс түүхий эдийн үнэ огцом унасан, төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал тэлсэн сүүлийн гурван жилийн статистикаас харахад Монголбанк сард дунджаар 89.9 сая ам.долларыг валютын захад цэврээр нийлүүлсэн үзүүлэлттэй байгаа. Харин сүүлийн гурван сард гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар худалдан авах саналын хэмжээ эрс буурсан. Эсрэгээрээ дуудлага худалдаагаар Монголбанкинд ам.доллар худалдах санал давамгайлж байна. Энэ утгаараа сүүлийн гурван сарын гадаад валютын спот дуудлага худалдаанд Монголбанк оролцоогүй. Харин ханшийн эрсдэлээс хамгаалах, төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх зорилгоор банкуудын ирүүлсэн своп хэлцлийн саналыг биелүүлж байна.

 

- Олон нийтийн дунд цаашид валютын ханш хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн эргэлзээ байна. Ам.долларын ханш цаашдаа яах бол?  

 

- Он гарснаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарлаа. Юуны өмнө хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци энэ оны тавдугаар сарын эцэст 1.8 хувьтай байна. Урсгал тэнцэл дөрөвдүгээр сарын байдлаар 86.6 сая ам.доллар, хөрөнгө санхүүгийн тэнцэл 279.3 сая ам.долларын ашигтай гарсан. Ингэснээр манай улсын дөрөвдүгээр сарын төлбөрийн нийт тэнцэл 202.3 сая ам.долларын эерэг дүнтэй байгаа нь өмнөх оны мөн үеэс 522.8 сая ам.доллараар сайжирсан гэсэн үг.

 

Нөгөө талаас гадаад эдийн засаг дахь түүхий эдийн үнэд сэргэлтийн шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн. Оны эхнээс төмрийн хүдрийн үнэ 15.9 хувь, зэсийн үнэ 0.3 хувь, алтны үнэ 20.2 хувиар тус тус өсөөд байна. Цаашилбал Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд 2017 оноос эхлэн эргэн сэргэж, 2020 он гэхэд 10 хувиас дээш өсөлттэй байхаар Олон улсын валютын сан таамагласан.

 

2016 оны гуравдугаар сарын Монголбанкны “инфляцийн төлөв байдлын тайлан”-д оны эцэст төлбөрийн тэнцэл сүүлийн гурван жилд анх удаа эерэг гарах хүлээлттэй байгаа зэрэг нь валютын зах тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэхээр байна.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Songuuliin daraa osno. Odoo arai gej barij, haritsaag buulgasan
2016-06-17