Сангийн сайд Б.Болороос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-“Сайн хувьцаа”-нд ямар өөрчлөлт орсон бэ?
-УИХ-аас гарсан тогтоолын дагуу бид хувьцааг эргэлтэд оруулж байна. Зах зээл дээр мөнгөн хөрөнгийн дутагдал байгаа. Нам дор 1.8 хувийн инфляцитай байгаа үед хувьцааг эргэлтэд оруулах боломж бүрдсэн. Ийм учраас бид төслөө хийж гүйцэтгэж байна. Энэ бол Засгийн газрын ажил. Ямар нэг сонгуультай холбоогүй. Эхний ээлжинд Засгийн газрын бонд гаргаж хийнэ. Энэ ондоо багтаад “Эрдэнэс тавантолгой” компанийн бонд болон шилжинэ. Төсөвт ямар нэг байдлаар дарамт болохгүй.
-Бондыг хэзээ, ямар хүүтэй гаргах вэ?
-Бид хууль тогтоомждоо нийцүүлж гаргана.
-Монголбанк бонд босгоход оролцохгүй гэж байсан. Энэ талаар?
-Монголбанк бонд босгоход оролцохгүй гэсэн зүйлгүй. Монгол Улсын нэг институци. Монголбанкны дэд Ерөнхийлөгч ямар учраас дээрх мэдэгдэл гаргасныг мэдэхгүй байна. Мөн тийм мэдээлэл гаргах эрхтэй албан тушаалтан мөн үү, биш үү гэдгийг ч мэдэхгүй байна. Төв банк бидэнтэй хамтран ажиллаж, энэ ажилд оролцоод явж байгаа.
-Хувьцаагаа худалдсан иргэдийн мөнгө хэзээ шилжин орж ирэх вэ?
-Эхний ээлжийн санхүүжилт ирэх 7 хоногт хийгдээд явна.
-Дотоод бонд гаргахад зарагдаагүй гэсэн мэдээлэл байна. Одоо дахиад гаргахад зарагдах уу?
-Бондын хүү өндөр болохгүй гэдгийг баттай хэлье. Дотоодын бондоо арилжаад явахад асуудал гарахгүй.
-Энэ оны төсөв өнөөдрийн байдлаар хэр гүйцэтгэлтэй явж байгаа бол?
-Энэ оны төсвийн хувьд өнөөдрийн байдлаар ямар ч асуудалгүй. Хуваарийн дагуу явж байгаа. Жил бүрийн төсөв эхний улиралдаа орлого тааруу байдаг. Гэхдээ 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Тиймээс ямар нэг байдлаар төсөв тасрах зүйл байхгүй. Энэ оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрдэнэ. Засгийн газар бүрдсэний дараа төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Бид энэ жилийг дуустал төсвөө зарцуулахаар тооцох хуваариа хийсэн.
-Гадаадын хөрөнгө оруулалт хэр орж ирсэн бол?
-Өнгөрсөн жилийнхээс 15-20 дахин нэмэгдэх төвшинд явж байгаа.
Засгийн газрын хуралдаанаар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн журмын талаар хэлэлцэж, тогтоолдоо тодорхой өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. “Сайн хувьцаа” хөтөлбөр төсөвт ямар нэг дарамт учруулах, хууль зөрчих асуудал байхгүй хэмээлээ.
Сүүлийн үед цалин, тэтгэврийн асуудал хүндэрнэ, урсгал зардлаа санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдээлэл гараад байгаа тухайд Сангийн сайд Б.Болор “Цалин, тэтгэвэр болон урсгал зардал хуваарийн дагуу хийгдээд явж байгаа. Цаашдаа ч хуваарийн дагуу явагдахаар төлөвлөгөөнд туссан. Үүнд ямар нэг асуудал үүсэхгүй. Тодорхой гүйцэтгэл гаргаагүй байхад зарим төрийн байгууллагууд гүйцэтгэл гаргаж иргэдэд буруу мэдээлэл өгч байна. Энэ нь сонгуультай холбоотой гарч байгаа мэдээлэл” хэмээн онцолсон юм.
Н.Энх