Бангкок -Ашигт малтмалын зах зээл ашигтай байсан, гэсэн хэдий ч үр ашиг багатай үе рүү шилжлээ. Аль ч ашигт малтмалын бүтээгдэхүүний хувьд зах зээлийн супер цикл буюу арав гаруй жилийн турш ашигтай байх үе (Bull Market) байдаг ч энэ нь үргэлж араасаа удаан хугацаанд үргэлжлэх хямралын үеийг дагуулдаг байна.
Зах зээлийн хувьд эрэлт сул, илүүдэл нийлүүлэлттэй байгаа нь ихэнх улс орнууд, компаниудыг өөрчлөлттэй дасан зохицох эсвэл дампуурах нөхцөл байдалд хүргэж байгаа нь хямралын эхлэл гэдгийг харуулж байгаа юм.
Ашигт малтмалын зах зээлд амжилттай хөл тависан Монгол Улсын хувьд зах зээлийн сүүлийн 2 жилийн нөхцөл байдал эдийн засгийг нь хүндрэлд оруулж өвдөг сөхрүүллээ.
Энэ оны 4 дүгээр сард Хонг Конгд болсон уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Олон улсын ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн уналт болон Хятадын эдийн засгийн удаашралт нь Монгол Улсын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бууруулах замаар нөлөөлж байгаа нь нууц биш” гэдгийг хэлжээ.
Азийн Хөгжлийн Банкны 3 дугаар сард гаргасан таамаглалаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 онд 0.1 хувиар өснө гэжээ. Энэ нь 2015 оны дотоодын нийт бүтээгдэхүүнийн өсөлттэй харьцуулахад 2.3 хувийн удаашралттай байгаа юм. Хэдхэн жилийн өмнө буюу 2011 онд 17 хувийн өсөлттэй байсан ДНБ-ийн үзүүлэлт ийнхүү огцом унасан нь эдийн засагт хүндээр туслаа. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох зэс, нүүрс, газрын тосны үнийн уналтаас шалтгаалж Монголын хувь заяа өөрчлөгдөж байна.
Монголын хүн амын дийлэнх нь 20 дугаар зуун хүртэл асар уудам өргөн хээр талдаа нүүдэллэн амьдардаг байжээ. 2000 оны эхээр ДНБ-ийн бараг тал хувийг экспорт бүрдүүлж, түүний 80%-ийг нь уул уурхайн бүтээгдэхүүн дангаар эзэлж байлаа. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс их ашиг олж эхэлснээр магадгүй уул уурхайд тулгуурласан эдийн засагтай болоход яаруулсан байх.
Монголчууд байгалийн нөөцөд суурилсан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрчимтэйгээр татаж, эдийн засгийн өсөлтөө хурдасгах зорилгоор уул уурхай болон холбогдох салбарууд, барилгын салбарт ихээхэн хэмжээний хөрөнгийг зарцуулжээ. “Эдийн засгийн огцом өсөлттэй жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн 40 хувьтай тэнцэж байсан” гэдгийг Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал онцолж байлаа. Мөн тэрээр “Эдийн засгийн хөөсрөл хагарснаар 2015 оны байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн 2 хувьтай тэнцсэн. Нэг үгээр бэлэн мөнгө дуусч байна” гэдгийг хэлсэн юм.
Эдийн засгийн огцом өсөлттэй жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн 40 хувьтай тэнцэж байсан. Н.Золжаргал
Дэлхийн хөгжиж буй 135 орноос 63 улсад экспортын 80 гаруй хувийг нь ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг гэдгийг НҮБ-ийн Худалдаа Хөгжлийн хурал дээр мэдээллэсэн. Хэдхэн жилийн өмнө БРИКС-ийн зүгээс хөрөнгө оруулагчдад хамгийн таатай хөгжиж буй зах зээлийг Бразил, Өмнөд Африкийн улсууд хэмээн зарлаж байсан. Харин одоо эдгээр улсууд уул уурхайн салбарын хямралаас үүдэлтэй эдийн засгийн хүнд нөхцөл байдалд ороод байна. Уул уурхайн салбараас хамгийн их ашиг олдог Канад, Австрали зэрэг улсуудыг ч эдийн засгийн хүндрэл тойроогүй юм.
20 дугаар зууны эхэн үеэс хойш 3 удаа ашигт малтмалын бүтээгдэхүүний суперцикл үе тохиосон байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн оргил үе нь хамгийн сүүлд 2011 оноос 2014 оны хооронд тохиож байжээ. Өмнөх 2 удаагийн үнийн өсөлт нь араасаа арван жил үргэлжилсэн хямралыг дагуулж байсан байна.
Саяхан газрын тосны болон бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ өссөн хэдий ч дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал цаашид ямар байх нь тодорхойгүй, ашигт малтмалын бүтээгдэхүүний илүүдэл нийлүүлэлт байгаа өнөөгийн нөхцөл байдалд шинжээчид болон хөрөнгө оруулагчдын хувьд өөдрөгөөр харахад бэрх байна.
Ашигт малтмалын үнийн уналт нь “хэвийн” мэт байдал болвол уул уурхайн салбараас хараат улс орнууд, Засгийн газруудын хувьд эдийн засгийн бусад салбаруудыг хөгжүүлэхэд асар хүнд байх болно.
Эдийн засгийн сунжирсан хүнд нөхцөл байдал нь аль хэдийн хүчээр шахуу ихэнх бизнесүүдийг дасан зохицоход хүргэв. Ийм нөхцөлд зарим компаниуд бизнесийн шинэ боломжийг нээж байхад зарим компаниуд дампуурахаас наагуур оршин тогтож байна.
Шингэрүүлсэн байгалийн хийн салбарыг үүний жишээ болгоё. Жилийн өмнө Хойд Азид шингэрүүлсэн байгалийн хийн спот ханшийн үнэ 70 хувиар буурч, тухайн салбарынхныг голд нь ортол сандаргаж байлаа.
Энэ салбарт ихэнхдээ 25 жилийн хугацаатай хийн үнийг тогтоон барих борлуулалтын гэрээ байгуулан ажилладаг байна. Цаг сайхан байх үед, байгалийн хий ханган нийлүүлэгчид, худалдаачид, байгалийн хий ашиглах аж ахуйн нэгж болгон худалдан авагчид үнийн өөрчлөлтийн эсрэг баталгаажуулсан нөхцлийг уг гэрээндээ оруулдаг байжээ.
Зах зээл дээр түлшний үнэ огцом унасан нь дээрх дүр зургийг эрс өөрчилсөн байна. Ингэснээр худалдан авагчид байгуулсан гэрээний нөхцлүүдээ өөрчлөх шаардлагыг нөгөө талдаа тавьж эхлэв. Жишээлбэл, өнгөрсөн оны 12 сард Энэтхэгийн байгалийн хий хангагч Petronet LNG нь Катарийн RasGas-тай байгуулсан 25 жилийн хугацаатай борлуулалтын гэрээндээ өөрчлөлт оруулав. Гэрээний нөхцлийг хагас үнээр борлуулах, өөрчилсөн үнийг газрын тосны зах зээлийн хамгийн сүүлийн үнийн дүнгээр тооцож борлуулахаар хэлэлцэж тохиролцсон байна. Хятад болон Японы байгалийн шингэрүүлсэн хийн гол төлөөлөгчид мөн адил гэрээндээ өөрчлөлт оруулах хүсэлтээ тун удахгүй гаргана хэмээн Ситибанкны шинжээчид үзлээ.
Японы худалдааны гол төлөөлөгчид болох Mitsubishi Corp. and Mitsui & Co нар байгалийн хий боловсруулах төсөлд хөрөнгө оруулсан бөгөөд төслийн өртөгөөс үүдэлтэй ихээхэн хохиролд орсноо мэдээллэсэн. Байгалийн хийн салбарт олборлолт болон борлуулалт хийж байгаа компаниуд аль аль нь их хэмжээний алдагдлыг цаашид хүлээх болно хэмээн салбарын шинжээчид үзжээ.
Үүссэн нөхцлийг байдлыг үнэлж бусад салбарын томоохон тоглогчид байгалийн хийн салбараар өөрийн бизнесийг өргөжүүлэх хүсэлтэй байгаа юм. Тухайлбал, энэ оны 2 дугаар сард Royal Dutch Shell нь шингэрүүлсэн байгалийн хий худалдаалагч BG Group-ыг $53 тэрбум ам.доллароор худалдан авсан байна.
Гангийн үйлдвэрлэлийн салбар ч гэсэн хүнд байдалтай байна. Тухайлбал, ArcelorMittal болон Тата Steel гэх том гангийн үйлдвэрүүд Хятадын хямд экспортын улмаас цэвэр алдагдалд орсноо албан ёсоор зарлажээ. Tata Steel компани нь Англи дах болон Франц улсад байдаг өөрийн эзэмшлийн үйлдвэрүүдийг зарна гэж мэдэгдсэнээр Англи улсын Засгийн Газрыг тухайн улсын нутаг дэвсгэр дээр байгаа үйлдвэрүүдэд нь батлан даалт гаргах шахалтанд оруулсан байна.
Түүнчлэн Австрали хүртэл өөрийн хоёр гангийн үйлдвэрийн нэгийг алдах нөхцөл байдалд орчээ. Австралийн гангийн томоохон үйлдвэр болох Arrium нь 4 дүгээр сарын 7-нд “сайн дурын удирдлага”-д шилжсэн гэдгээ мэдэгджээ. Нөгөө үйлдвэр нь Өмнөд Австралид байдаг Whyalla юм. Эдгээр том үйлдвэрүүдийн мянга, мянган ажлын байр нь баталгаагүй болж байгаа нь Канберрад улс төрийн асуудал болжээ.
Nippon Steel & Sumitomo Metal нь одоо байгаа зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд энэхүү шуургыг өөрт ашигтай байдлаар ашиглаж ажиллахаар шийдсэн бололтой. Удаан хугацаанд гангийн үнэ хямдарснаар ганцхан тохиох таатай худалдан авалт хийх боломжийг Японы компаниудад олгох ба олон улсад үйл ажиллагаагаа тэлэх боломжийг бүрдүүлэх юм.
Олонд танигдсан Usiminas компани нь энэ оны хоёр дугаар сард өрөө барагдуулах шаардлагаар богино хугацаанд санхүүжилт авах байсан боловч тухайн компанийн томоохон хувьцаа эзэмшигч Аргентинын Ternium нь таатай хандсангүй. Nippon Steel-ийн ерөнхийлөгч Косэй Шиндо нь хамтран зүтгэгч бусад удирдлагууддаа “Өмнөд Америкд байгаа бидний хангамжийн гол баазуудаа хамгаалахад би бүхнийг хийнэ” хэмээн мэдэгдсэн байна. Nippon Steel-ээс санал болгосон 1 тэрбум бразил рийлд Ternium татгалзсан хэдий ч Usiminаs-ийн хувьцаа эзэмшигчдийн олонхийн дэмжлэгийг авчээ.
Nippon Steel-ийн зүгээс өөр шийдвэртэй алхмуудыг хийсээр байна. Францын алдагдалтай ажиллаж байгаа гангийн хоолой үйлдвэрлэгч Vallourec компанид хөрвөх боломжтой бондоор дамжуулан 350 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болсон тухайгаа энэ оны 2 сард зарласан. Хэрвээ уг гэрээг ашигт малтмалын үнийн өсөлттэй байсан үед хийсэн бол олон тэрбум долларын өртгөөр хийгдэх байжээ.
Мөн түүнчлэн Nippon Steel нь Японы хамгийн том цэвэр ган үйлдвэрлэгч Nisshin Steel компанийн дийлэнх хувьцааг 60-80 тэрбум еэн буюу ойролцоогоор $553-$737 сая ам.доллароор 2017 оны эхээр худалдан авахаар гэрээ байгуулаад байна. Хятадын цэвэр гангийн бүтээгдэхүүний хямд экспорт нь ихсэж байгаатай холбогдуулж Nisshin Steel нь уг саналыг хүлээж авахад хүрсэн байна.
Ийм бизнесийн орчинд “Ялагч хэрхэн ялагдагчаас ангид байх вэ” гэвэл эрсдлийг урьдчилан тооцоолж, ашгийг нэмэгдүүлэх урт хугацааны менежментийн стратегийг баримтлан ажиллах юм.
Уул уурхайн томоохон тоглогч Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Валш саяхан Nikkei-д өгсөн ярилцлагадаа, “Өнөөгийн бизнесийн нөхцөлд сайн ажиллаж, тайлан баланс нь ашигтай байгаа нь манай компанийн давуу тал” гэдгийг дурдсан байдаг. Мөн тэрээр “Зах зээлийн хувьд боломжит, ашигтай хэлэлцээрүүдийг хийх нь бидний хувьд чухал ач холбогдолтой. Түүнчлэн зах зээл дээр ашигтай ажиллах хөрөнгийн тоо бидний хувьд давуу тал болдог” гэжээ.
Богино хугацаанд ашиг олохоос илүүтэй удаан хугацааны үйлдвэрлэл хийх стратегийг баримтлах нь улс оронд ч адилхан чухал юм. Хятадын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүнээс хараат байх байдал нь багассан хэвээр байна. Хөрөнгө оруулалтын улсаас хэрэглэгч эдийн засагтай улс болон шилжиж байгаа ч хөгжлийн бат бөх бодлогыг баримталсаар байна.
Эрдэнэс Монгол компанийг төр нь эзэмшиж, менежментийг нь хувийн компани хийдэг, олон салбарт хөрөнгө оруулалттай Сингапурын “Темасек” шиг болгож өөрчлөх хэрэгтэй. Ч.Сайханбилэг
Харин Монголын хувьд яг юунд хүрэхээр зорьж байгаагаа тодорхойлж, илүү анхааралтай ажиллаж байгаа бололтой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Манай эдийн засгийн 80 хувийг уул уурхай бүрдүүлж байна. Бид энэ тоог тодорхой хэмжээнд бууруулах шаардлагатай байна” гэдгийг хэллээ.
Түүний Засгийн газар “Эдийн засгийг солонгоруулах бодлого” хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байгаа, мөн төрөлжсөн эдийн засгийг бий болгохын тулд 7 салбарыг дэмжин ажиллаж байгаа тухайгаа хэлж байлаа. Мөн тэрээр хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлал болон мэдээлэл технологийн салбаруудыг онцолж, хөрөнгө оруулагчдыг эдгээр салбарт хамтран ажиллахыг уриалсан юм.
Монголын хувьд хувийн хэвшлээсээ, менежментийн чухал туршлагуудаас суралцаж байна. “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани нь компанийнхаа үйл ажиллагааг “корпораци” хэв маягийн дагуу хөрөнгө оруулалтын компани болгохоор ажиллаж байна. 2007 онд байгуулагдсан Эрдэнэс Монгол компани нь монголын хамгийн томд тооцогдох зэс, алтны Оюу Толгой уурхайн 34%-ийг эзэмшдэг бөгөөд эдийн засгийн голлох салбар болох уул уурхайн салбарт ихэнх хувь эзэмшиж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол компанийг төр нь эзэмшиж, менежментийг нь хувийн компани хийдэг, олон салбарт хөрөнгө оруулалттай Сингапурын “Темасек” шиг болгож өөрчлөх хэрэгтэй” гэдгийг онцолж байсан юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан Nikkei Asian Review сонинд өгсөн ярицлагадаа “Компанийг ингэж өөрчлөх цаад зорилго нь маш энгийн. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд болж байгаа энэ үед компани өөрсдийн хөрөнгөөрөө сайн менежмент хийж “мөнгө” олж эхлэх хэрэгтэй байна” гэжээ.
Morgan Stanley Хөрөнгө оруулалтын менежментийн шинээр гарч ирж буй зах зээл хариуцсан менежер Рүчер Шармагийн хамгийн сайн борлуулалттай “Үндэстний Задрал” номонд, байгалийн нөөц ихтэй “Азтай улсууд” нь зах зээлийн циклэд маш эмзэг байдаг, ихэвчлэн ашигтай ажиллаж чаддаггүй гэж бичжээ. Юу гэж хэлж байна вэ? гэвэл удаан хугацааны стратегийг хэрэгжүүлж чаддаггүй гэсэн үг юм. Улс ч бай, компани ч бай, эдийн засгийн нөхцөл байдал олон улсад хүнд байгаа үед стратегийн менежментийн ухаалаг шийдвэр болон шийдвэрлэг үйлдэл хийх нь амжилттай ажиллах гол хүчин зүйл болно.
Nikkei Asian Review, Ken Koyanagi
Орчуулсан Т.Баярбаясгалан
эх сурвалж: Ikon.mn