Био комбинатыг шинэчилнэ

img

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн  “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва цаашид гар аргаар бэлтгэсэн махыг хэрэглээнээс гаргая гэж байгаа. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа махны үйлдвэрлэлээ ашиглахын зэрэгцээ нэмж үйлдвэр ашиглалтад ороход үйлдвэрийн аргаар хичнээн хэмжээний мах бэлтгэх тооцоо байгаа эсэхийг тодруулан, тоон үзүүлэлтийг тавихдаа хэр бодитой байгааг нягталж үзэх шаардлагатайг хэллээ. Хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.Дараагаар нь тус  байнгын хорооны хуралдаанаар БНУУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Био комбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэх төслийн талаарх холбогдох байгууллагын мэдээллийг сонслоо. Биокомбинат Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрын ерөнхий танилцуулгыг Мал эмнэлгийн үржлийн газрын дарга М.Галбадрах танилцуулав.

 

Өнөөгийн байдлаар тус үйлдвэрт Монгол орны мал сүрэгт гардаг гоц халдварт ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх зориулалттай вакцин, оношлуур, ийлдэс гэсэн гол 3 ангилалын 60 гаруй нэр төрлийн биобэлдмэл үйлдвэрлэж, улсын захиалгын дагуу орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудад нийлүүлж байна. Жилд дунджаар 120000-130000 литр шингэн, 18.0-25.0 сая тун хатаасан бэлтдмэл үйлдвэрлэж 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгүүдэд өөрийн тээврийн хэрэгслээр түгээдэг. Үйлдвэрлэл явуулахад шаардагдах дулаан, уур, усны хэрэгцээг үйлдвэр өөрөөсөө хангадаг. Жилийн борлуулалтын орлого сүүлийн 5 жилийн байдлаар жилд 2.8-5.0 тэрбум төгрөг байна.

 

Өнөөгийн Биокомбинат үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж нь одоогоос 40-өөд жилийн өмнөх үеийнх бөгөөд тэр үеийнхээс бага зэрэг өөрчлөлт оруулсан технологиудаар үйлдвэрлэлээ явуулж байна. Цаашид одоогийн статусыг хэвээр хадгалж, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний үнийг чөлөөлөн зах зээлд өрсөлдөх боломжоор хангах, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл хийх арга замуудыг эрэлхийх хэрэгтэй байна гэдгийг онцлов. Мөн тэрээр Биокомбинатыг шинэчлэх хөрөнгө оруулалтын чиглэлээр Вирусийн гаралтай биобэлдмэл үйлдвэрлэлийн барилга, байгууламж шинээр барьж, шаардагдах техник, тоног төхөөрөмжөөр тоноглох, Лабораторийн шинэ барилга барих, Байгаль орчинд халгүй үйлдвэрлэл эрхлэх, найдвартай ажиллагааг хангах шаардлагад нийцүүлэн инженерийн байгууламж, гадна шугам хоолойг шинэчлэх, Хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Оюун “Яагаад заавал Унгараас зээл авахаар болов. Үүнээс өөр уян хатан нөхцөлтэй зээл олдохгүй байсан юм уу. Дэлхийн банкнаас зээл авах тухай ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ” гэдгийг лавласан юм.  “Дэлхийн банкнаас зээл авах тухай асуудал хөндөгдөж байсан. Нийт авах зээлийн 30 хувь буцалтгүй тусламж бол 70 хувь нь хүүгүй зээл яригдаж байсан. Гэхдээ Унгарын Ерөнхийлөгч 25 сая ам.долларыг Монголын Био комбинат үйлдвэрийг шинэчлэхэд зориулж батламжилсан. Монгол Улс Унгартай олон жилийн харилцаатай, анх Био комбинатыг тус улсын технологиор барьж байгуулсан. Дээр нь тус улс вакцин үйлдвэрлэлээрээ дэлхийд зургаад ордог. Энэ мэт давуу талыг харж Унгараас зээл авах нь зөв гэж үзсэнийг албаны хүмүүс хариулав.

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Шинэ технологийн үйлдвэрт Маш жижигхэн, цэвэрхэн, GMP хангасан байгууламж хэрэгтэй. Одоогийн хүмүүс менежмент хийх боломжгүй. шИнэ боловсон хүчин, шинэ удирдлага хэрэгтэй.
2015-11-25
малын эмч:
суурин дээр нь өнөөгийн стандартад нийцсэн шинэ үйлдвэр байгуулсан нь дээр дээ.
2015-11-24