УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр АН-ын даргын мэдэгдлийг ийн хүлээж авч байна.

Монгол Ардын Нам УИХ-д үнэмлэхүй буюу 46 суудал авсан. Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх эрхзүйн орчин нь бүрдсэн байсан. Гэхдээ бид Монгол Улсын өмнө тулгараад байгаа зайлшгүй шийдвэрлэх ёстой томоохон зорилтыг шийдэхийн тулд Ардчилсан намыг Засгийн газарт орж хамтарч ажиллахыг урьж, өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд хамтарч ажилласан. Бид бол улс орныхоо томоохон эрх ашгийн төлөө л ийм санал тавьсан. Намын эрх ашгийг өмнөө тавиагүй. Ардчилсан нам 2012 оныхоо сонгуульд бэлдээд намынхаа эрх ашгийг урдаа тавиад хамтарсан Засгийн газраас гарч байгааг ойлгож байна. Гэхдээ бидний өмнө хийж дуусгах ёстой олон ажлууд байсан. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал. Мөн Засаг захиргаа, орон нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтийн асуудал байсан. Нийгмийг хамгийн их бухимдуулж байгаа баялгийн хуваарилалтын асуудал байсан. Энэ бүгдийг хамт байгаа хугацаандаа хийсэн бол гэж бодож байна. Мөн Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал байсан. Ирэх зургаан сард амжилттай хамтарч ажилласан бол Монгол Улсын эрх ашигт нийцэх байсан. Гэхдээ улстөрийн нам өөрийнхөө шийдвэрийг гаргаад гаръя гэж байна. Тиймээс Ардын нам өөрөө олонхи суудлыг бүрдүүлж байгаа намын хувьд өөрсдийн боловсон хүчнийг зохих ёстой газар нь байршуулж, өөрийнхөө бодлогыг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ