
Манай улсад газар хөдлөх үзэгдэл байнга болж байдаг бөгөөд зөвхөн 2011 онд 50 гаруй удаа газар хөдөлжээ. Харин түүхэнд тэмдэглэхгдэх хэмжээний хүчтэй газар хөдлөлт цөөнгүй удаа болж байжээ. Тухайлбал, Ар хөтөлийн газар хөдлөлт, Үнэгэтийн газар хөдлөлт, Цэцэрлэгийн газар хөдлөлт, Булнайн газар хөдлөлт, Монгол Алтайн газар хөдлөлт, Ачит нуурын газар хөдлөлт, Мондын газар хөдлөлт, Эрдэнэ-Хааны газар хөдлөлт, Бүтээлийн газар хөдлөлт, Говь-Алтайн газар хөдлөлт,
Баян-Цагааны газар хөдлөлт, Сайхны газар хөдлөлт, Буурын хярын газар хөдлөлт, Могодын газар хөдлөлт, Цагаан шувуутын газар хөдлөлт, Тахийн шарын хөдлөлт, Мөнххайрханы газар хөдлөлт, Чуйн газар хөдлөлт зэрэг томоохон газар хөдлөлтүүд ордог байна.
Газар хөдлөх үзэгдэлийн талаар олон салаа тайлбар явагддаг бөгөөд албан ёсны буюу геофизикийн тайлбараас гадна шашны тайлбарууд их яригддаг. Тухайлбал газар хөдлөх үзэгдлийг шарын шашинд "Газар шилгээх" хэмээн тайлбарладаг бөгөөд энэ нь лус савдагийг уурлуулж дошгируулсантай холбоотой хэмээдэг байна. Тиймээс Одон орон, Геофизикийн судалгааны төвийн албан ёсны мэдээллийг чухалчлах нь зөв бизээ. http://rcag.mas.ac.mn сайтад мэдээлснээр дэлхийн царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөн уян харимхай долгион болон тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ. Үүнийг энгийн үгээр хэлбэл таны алхаж буй газар нь дэлхийн гадаргууд үүссэн хүчдэлийн нөлөөгөөр долгисон хөдлөх үзэгдэлийг газар хөдлөлт гэдэг аж.
Мөн энэхүү хүчдэлийг үүссгэгч хүч нь янз бүр байдаг хэдий ч дэлхийн өөрийнх нь үүсгэж буй тектоник хөдөлгөөний улмаас үүсэх газар хөдлөлтийг бусадтай нь зүйрлүүлэх аргагүй билээ. Иймээс ч судлаачид нь газар хөдлөлт гэдэг ойлголтыг доорхи байдлаар томъёолдог байна.
Дэлхийн тектоник хөдөлгөөний улмаас царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөхөд уян харимхайн долгион тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ. Газар хөдлөлтийг гарал үүслийн хувьд тектоникийн, галт уулын, нуралтын ба тэсэлгээний гэж ангилан хуваан үздэг.
Газар яагаад хөдөлдөг вэ?
Сүүлийн үед судалгаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь үргэлжийн хөдлөгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэсэнээр манай дэлхий долгисон хөдлөгөөнд ордог байна. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэсэнээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг байна.
Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?
Газар хөдлөлтийн хүчийг магнитуд, энергийн ангилал мөн балл гэсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог.
Магнитуд нь газар хөдлөлийн хүчийг газар хөдлөлт бүртгэх багажинд бичигдсэн хөрсний шилжилтийн утгаар тодорхойлдог хэмжигдэхүүн юм. Энэхүү тооцооны аргыг боловсруулан анхны томъёололыг 1935 онд АНУ эрдэмтэн Рихтер гаргасан ба үүнийг Рихтерийн магнитуд (Ml) гэж нэрэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь газар хөдлөлтөөс үүссэн сейсмик долгионы далайцыг аравтын зэрэгт шилжүүлсэн ангилал юм. Энэхүү хэмжигдэхүүнийг нь одоогоор дэлхийн ихэнх улс оронд албан ёсоор хэрэглэж байна.
Энергийн ангилал нь тухайн газар хөдлөлтөөс үүссэн энергийн хэмжээг зэрэгчилж оруулсан утга байдаг. Тус ухагдахууныг Оросын эрдэмтэд дэлхийн шинжлэх ухаанд оруулж ирсэн бөгөөд одоогоор зөвхөн тус улсын хүрээнд албан ёсоор мөрдөгдөж байгаа. Манай улсын хувьд 1994 он хүртэл энэхүү хэмжигдхүүнийг ашиглаж ирсэн ба магнитуд тодорхойлолтын хувьд дараахь шүтэлцээг ашиглаж ирсэн.
K=4+1.8Ml (K ≤14) ба К=8+1.1Ml (K >14)
Балл гэдэг нь тухайн газар хөдлөлт хүрээлэн буй орчин ба хүмүүст хэрхэн мэдэгдсэнээр тодорхойлогдох доргилтын хүчийг илэрхийлж байгаа хэмжигдэхүүнийг газар хөдлөлтийн эрчим буюу балл гэж нэрлэдэг. Газар хөдлөлтийн баллыг тогтоосон шаталбар нь газар хөдлөлтийн голомтын механизм, геологийн тогтоц, геотектоникийн үйл ажиллагаа, хот байгуулалт, барилгын хийцийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг. Манай орны хувьд доргилтийн хүчийг MSK-78 шаталбар буюу XII баллын шаталбарт оруулж тодорхойлдог. Баллын шаталбарыг зохиоход газрын гадаргууд үүссэн эвдрэл, хагарлын хэмжээ, барилга байгууламжид учирсан эвдрэлийн зэрэг, хүн амьтан нэрвэгдсэн болон тэдэнд мэдэгдсэн байдлаар зэрэглэнэ. Баллын үнэлгээг тогтоохын тулд дээрх үзүүлэлтээр мэдээлэл цуглуулж, мэргэжлийн түвшинд боловсруулсан арга зүйгээр ижил баллын бүсийг тогтоодог. Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт болоход орон нутагт мэдээлэл цуглуулах (макромэдээ цуглуулах загвар) ба хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй тусгайлсан судалгааг хийдэг.
Газар хөдлөлт бүртгэх багаж ба түүний төрлүүд
Хорьдугаар зууны эхэн үед газар хөдлөлтийг бичигч багажийн төрөл тийм ч олон байсангүй. Хуучны түүхэн бичигт хамгийн анхны газар хөдлөлтийг МЭӨ 78 онд болжээ хэмээн дурьдсан байдаг ч хөрсний шилжилтийг хэмжих анхны багаж төхөөрөмжийг 1933 онд АНУ-ын Калифорнийн Long Beach гэдэг газар бүтээгдсэн тухай бичигдсэн байдаг. Уг багажийг АНУ-ын Калифорни мужид суурилуулсны дараа EL Centro (1933.05.11, M=6.4)-д газар хөдлөлт тохиолдсон нь хүчтэй газар хөдлөлтийг багажаар бүртгэх анхны боломжийг өгсөн. Энэ нь газар хөдлөлтийг багажаар судлах ажлын эхлэл болсон төдийгүй газар хөдлөлийн инженерийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан. Үүнээс хойш хөрсний шилжилтийг бичих багаж улам боловсронгуй болсоор байна. Энэ талын судалгаа сүүлийн хориод жилийн туршид эрчимтэй хөгжиж байна.
Хөрсний шилжилтийг бүртгэдэг янз бүрийн багаж төхөөрөмжүүд байдаг. Хөрсний сул шилжилтийг бүртгэдэг багажыг сейсмограф гэдэг ба бичлэгийг нь сейсмограмм, харин хөрсний хүчтэй шилжилтийг бүртгэдэг багажыг акселерограф, бичлэгийг нь акселерограмм гэж нэрэлдэг ба хүчтэй хөдөлтийг бүртгэхэд энэхүү багажийг ашигладаг. Энэ станцыг барилга байгууламж ихтэй хот суурин, хүн ам их төвлөрсөн газруудад ихэвчлэн ашигладаг байна.
Газар хөдлөлтийг бүртгэх багажыг түүний давтамжийн хязгаараас нь хамааруулан үндсэн 3 төрөлд хуваан авч үздэг байна.
SP (Short period) - богино үет сейсмометр нь 1 Hz-ийн хувийн давтамжтай, ойролцоогоор 0.1 - 100Hz хоорондох сигналийг хэмждэг. Өөрөөр хэлбэл орон нутгийн газар хөдлөлт бичихэд зориулагдсан, хамгийн өргөн хэрэглээтэй, өндөр давтамжийн, хэрэглэхэд хялбар, хямд үнэтэй, бат бөх багаж юм.
BB - Өргөн зурвасын сейсмометр нь өнөөгийн газар хөдлөлийг судлах шинжлэх ухаанд хамгийн өргөн хэрэглээ болсон. 0.03 – 50 Hz –ийн хувийн давтамжтай ба 0.008 - 40 Hz хязгаартай сейсмометр юм. Өөрөөр хэлбэл бүхий л давтамж, амплитудын хязгаар дахь сейсм долгионуудыг бүртгэх чадвартай. Богино үетэй сейсмометрээс 4-5 дахин их үнэтэй, амархан эвдэрдэг, засварлахад маш үнэтэй, нам давтамжийн сигналыг мэдрэх чадвартай температур ба хүчдэлээс их хамаардаг багаж юм.
LP - урт үет сейсмометр нь сейсмик станцын байнгын ажиглалтыг явуулахад нэн их тохиромжтой биш бөгөөд харин дэлхийн гүний судалгаанд өндөр ач холбогдолтой билээ. Уг багаж нь 0.0001 - 0.03Hz-ийн давтамжын зурваст бүртгэхээр зохиогдсон байдаг бөгөөд динамик хязгаар нь 120 dB. Хүчтэй газар хөдлөлийг бүртгэхэд нэн тохиромжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ