Монголын бүртгэлтэй живсэн онгоцны 11 хүнийг хайж байна
БНСУ-ын өмнөд хэсгийн Ёсү хотын далайн эргийн ойролцоо энэ сарын 3-4-нд шилжих шөнө Монголын далбаатай хөлөг онгоц живсэн талаар хэвлэлүүдээр мэдээлсэн билээ. Уг мэдээллийн талаар Зам тээврийн яамнаас өнөөдөр албан ёсны мэдээлэл өглөө. Монгол Улсын бүртгэлтэй “GRAND FORTUNE 1” онгоц Өмнөд Солонгосын Yeosu хотын эргээс 63 км зайд аврах дохио өгсний дараа живсэн байна. Онгоц тухайн үедээ Хойд Солонгосын Чеонжин хотоос Хятад руу 4300 тонн төмрийн хүдэр ачиж явах үеэр цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн онгоц холбирч живжээ. Онгоцон дээр багийн 16 гишүүн байснаас 3 гишүүнийг аварч, 2 гишүүний цогцсыг олсон байна.
Аврагдсан гишүүдийг Чежү арлын эмнэлэгт хүргэсэн бол үлдсэн 11 гишүүнийг хайх ажил үргэлжилж байгаа аж. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар амьд гарсан багийн гишүүдийн яриагаар “Цаг агаар муу байсан, гэнэт ус орж ирж, онгоц баруун тал руугаа хазайсан” гэсэн мэдээллийг өгчээ. Уг онгоц Өмнөд Солонгосын бүртгэлд “SHINCHANG 2” гэсэн нэртэйгээр бүртгэлтэй байж байгаад манай улсын бүртгэлд 2013 оны 7 дугаар сарын 5-нд анх бүртүүлжээ. Бүртгэлийн хүчинтэй хугацаа нь 1 жил байсан юм байна. Харин онгоцны эзэмшигч нь Хонконгийн “STEP SHIPPING LIMITED” компани аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ