“Маркетингийн менежмент”-ийн улсын IV олимпиад болно
Доктор, профессор Д. Дагвадорж агсаны нэрэмжит “Маркетингийн менежмент”-ийн улсын олимпиад нь энэ сарын 6-13-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаарх мэдээллийг зохион байгуулагч болон ивээн тэтгэгч компаниудын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.
Тус олимпиадыг Монголын маркетингийн холбоо болон их дээд сургуулиуд хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар болжээ. Харин ерөнхий ивээн тэтгэгчээр “МИГ даатгал” ХХК, “АПУ Трейдинг” ХХК болон “Жи-Мобайл” ХХК тус тус хамтран ажиллахаар болсон аж.
Уг олимпиадаар маркетингийн мэргэжлээр суралцагч оюутнууд онолын мэдлэг болон бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдөж шилдгүүдээ тодруулдаг байна.
Олимпиадын хяналтын зөвлөлийн ахлах О.Энхтуяа “Энэхүү олимпиад нь ажил олгогчдын дунд асар их нэр хүндтэй. Тэр ч утгаараа ялагч багийн гишүүдийг ажлын байраар хангадаг давуу талтай” хэмээн хурлын үеэр онцолсон.
Энэ жилийн хувьд дотоодын тэргүүлэх 12 их, дээд сургуулийн 19 багийн 95 оюутан олимпиадад оролцохоор бүртгүүлжээ. 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа уг олимпиад 2 үе шаттай.
Эхний шатанд оролцогчид маркетингийн онолын тест болон статистикийн IBM SPSS 20.0 программ дээр маркетингийн судалгааны тоон өгөгдлийн шинжилгээ хийж өрсөлдөнө. Харин дараагийн шатанд үлдсэн оролцогчид “МИГ даатгал” ХХК-аас өгөгдсөн даалгаврыг биелүүлж өрсөлдөх аж.
Дашрамд дуулгахад, өмнөх жилүүдийн аваргаар МУИС, ХИС, СЭЗДС-ийн багууд шалгарч байжээ.
Б. Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ