Энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгийг зорино
“Зэвсэгт хүчний тухай” Монгол Улсын хуулинд зааснаар Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргүүдийн нэг бол Энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал юм. Улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл болсон энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой төдийгүй улс орноо сурталчилан таниулах, цэргийн алба хаагчдаа бүх талаар хөгжүүлэх, туршлагажуулах, зэвсэг техникээ шинэчлэн сайжруулахад нааштай үр дүн авчирсаар ирсэн.
ы
Энхийг сахиулагчид эх орныхоо захиас даалгаврыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморь золбоогоо сэргээж, зам мөрөө тэгшитгэдэг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр Афганистан Улсад явагдаж буй Эвслийн цэргийн хүчний “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай цэргийн хамгаалалтын ротын 10 дугаар ээлж, дэд хурандаа С.Цолмонбаатар захирагчтай Нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээний бүлгийн 8 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
ы
Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. Афганистан Улсад явагдаж буй Эвслийн цэргийн хүчний “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн хамгаалалтын ротын 9 дүгээр ээлжийн цэргийн баг “Эггэрс” баазын аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлэн хүлээлгэн өгч, Баруун бүсийн Херат мужид байрлах АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Шинданд” баазад шилжин байрлаж үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа юм.
ы
Цэргийн хамгаалалтын рот нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Шинданд” баазын үндсэн шалган нэвтрүүлэх цэг, дотоод шалган нэвтрүүлэх цэг, Агаарын хяналтын цамхаг, Нисэх зурвасын хамгаалалт, баазын доторх машинтай эргүүл, биет хамгаалалтын үүргүүдийг АНУ-ын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчидтай хамтран гүйцэтгэж байна. Тэдний халааг авахаар Төр, цэргийн баялаг уламжлал, баатарлаг түүхэн замналтай Зэвсэгт хүчний цэргийн багууд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлээ хангаж ажиллагааны газар орныг ийнхүү зорих гэж байгаа юм.
ы
СЭТГЭГДЭЛ БИЧИХ