Хуур.мн хулгайтай тэмцэнэ

img

-С.Дөлмандах: Хулгайтай бид тэмцэхгүй л юм бол Монголд үйлдвэрлэл хөгжүүлэх, оюуны бүтээл гаргах талаар ярих хэрэггүй-

6

6

Цаг хэд болж байна хэмээн асуухад Оросын яруу найрагч Осип Мандельштам, -Өнө мөнх... гэж хариулсан байдаг. Цаг хугацааны шуурганд үл тогтох нэгээхэн бээр ч зүйл үгүй атал хорвоод бясалган гэгээрэгч, түүхийг цадиглан туурвигч их хүмүүний өнө мөнхийн бүтээлүүд... Борооны дусал, цас, нар, сар, өвс ургамал, байгаль дэлхийн хүйн холбоос... Ертөнцийн өнгө, будаг. Баяр хөөр, хагацал гуниг, хасуусал, цөхрөл... Амьдралын мөн чанар. Энэ бүхнийг  илүүтэй мэдрүүлдэг болохоор тэр “ертөнцөөр” аялах даанч сайхан. Уйтгарлах завгүй залуучууд “Хуур.мн”-ээс тэр бүхнийг мэдэрдэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Уран бүтээлчдийг илүү ойлгож, тэдний бүтээлийг ашиг хонжоо хайх зэвсэг болголгүй харин ч эрх ашийг нь хамгаалж, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн урлагийн бүхий л мэдээллийг багтаасан хууль ёсны цорын ганц сайт гэж тэднийг товчхондоо тодорхойлж болно. Бидэнд урлагийн сайхныг бодитоор мэдрүүлсэн энэ сайт өдгөө хоёр жилийнхээ ойг “Зохиогчийн эрхийн үнэ цэнийг харуулж, түүнийг дээдэлж чадсан” гэх хэрэглэгчдийнхээ үнэлгээгээр угтаж байна. Урлагийн хөгжлийн талаар хүн бүхэн шүүмжилж, чамлалтай үг амнаасаа унагадаг ч түүнийг үнэлэх үнэмлэмжийн тухай ярих нь өдрийн од шиг үл үзэгдэх. Харин энэ талаар “Хуур.мн” ХХК-ийг үүсгэн байгуулагч, программист С.Дөлмандахтай ярилцлаа. 

6

6

-Монголд хамгийн анхны хөгжмийн цогц үйлчилгээг авч болдог урлагийн мэдээ, мэдээллийн сайтыг “Khuur.mn” гэдгийг хэн хүнгүй хэлэх байх. Мэдээж зохиогчоос нь эрхийг нь аваад тодорхой гэрээ хэлцэл хийгээд олны хүртээл болгох, дур мэдэн хулгайгаар бүтээлийг нь нийтийн хэрэгцээнд тараах хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Нууцгүй хэлэхэд хулгай хийсэн нь хожиж байна. Та бүхэнд энэ мэдээж хүнд туссан байх даа?

-Бид анх гарч ирэхдээ хууль ёсны дагуу тухайн уран бүтээлчдэд тодорхой хэмжээний мөнгө төлдөг, үйл ажиллагааг нь дэмжиж, хамтарч ажиллахаар гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Энэ үед хөгжмийн чиглэлийн 40-50 сайт байсан. Тухайн уран бүтээлч шинэ дуугаа гаргалаа гэхэд огтоос зөвшөөрөл авалгүйгээр, хаанаас ч юм олоод тавьчихдаг байсан. Тэдний фейсбүүкийнх нь лайк, хэрэглэгчдийн тоо өсөөд л... Зөвшөөрөл аваагүй хэрнээ тэр ч “.ком” энэ ч “.ком” гээд тамгалчихсан. Түүнийг нь бүгд л татаад авчихсан богино долгионы радиогоор сонсгодог байлаа шүү дээ. Энэ нь шударгаар хууль ёсны дагуу ажиллах гэсэн бидэнд давшгүй даваа мэт санагдсан. Тиймээс бид гэрээндээ “...оюуны өмчийн хулгайтай хамтарч тэмцэнэ” гэж тусгасанчлан уран бүтээлчдэд асуудлаа ойлгуулсан. Ингээд Оюуны өмчийн газарт гомдол гаргасан. Энэ гомдлоо давхар Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөний газарт хамт тавьсан. Яагаад гэхээр нэг нь цэвэр хууль ёсны дагуу, нөгөөх нь интернэтээр хулгай хийж өрсөлдөөд байгаа нь шударга бус өрсөлдөөн учраас холбогдох гурван байгууллагатай хамтарч ажиллаад тэр 40-50 сайтыг хаалгуулсан.

6

-Ингээд цорын ганц монополь шахуу сайт болж дээ?

-Одоо хулгай хийгээд, татаж авч болохоор уран бүтээлчдийн бүтээлийг тавьдаг сайт ер нь байхгүй болсон. Биднийг монополь гэвэл өрөөсгөл /инээв/. Хууль ёсны дагуу бидэнтэй өрсөлдөх боломж нь чөлөөтэй л байгаа. Харин ч жижиг улсын давуу тал нь аливаа болохгүй зүйлийг засч, залруулан цэгцэнд нь оруулахад амархан юм байна гэж харсан шүү.

6

-Баригдахаараа зүсээ хувиргадаг хулгайч шиг нэрээ солиод л дахиад сайт байгуулчихдаг юм биш үү. “Мongolbox” хаагдаад л хойд домайнаа өөрчлөөд, дийлдэхгүй байгаа юм биш үү?

-Тийм ээ, гадаадад буюу Америкт сервертэй сайтуудыг хаах гэхээр хааж чадахгүй байсан. Очоод уулзахаар “Та нар яаж чадах юм бэ” гэсэн өнгөөр харилцдаг байсан. Үүнийг Харилцаа холбооны зохицуулах хороо шийдвэр гаргаад Монголоос тэр сайтууд руу хандах эрхийг нь хаачихсан. Ингэхээр нөгөө нөхдүүд хэрэглэгчийнхээ бараг 90 хувийг алдчихсан.

6

-Оюуны өмчийг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо Монголд байна гэж ойлгож болох уу?

-Оюуны бүтээл гэдэг нэг талаар хүний өмч. Тэгвэл хүн өмчтэй гэдгээ яаж баталгаажуулдаг билээ?

6

-Тухайн хүнийх мөн гэдгийг гэрчилсэн гэрчилгээтэй байх ёстой.

-Тийм ээ, танай гэрт хулгай орлоо гэж бодьё. Юу алдсан бэ гэдгийг танаас өөр хүн мэдэхгүй. Тиймээс тийм хөрөнгө байсан гэдгийг баталгаажуулсан баримтыг та цагдаад гаргаж өгөх хэрэг гарна даа. Цагдаа хулгай хийхийг хараад зогсч байгаагүй юм чинь мэдэхгүй шүү дээ. Түүнтэй адил оюуны өмч маань өөрөө биет бус учраас зөрчил гаргах болгонд өөрийн эзэмшлээ баталгаажуулаад, эрхийг нь зөрчиж байгаад гомдлоо гаргаад явах ёстой. Харамсалтай нь, манайд тэр болгон тэгж явдаггүй. Төр нь яг хамгаалъя гэхээр тухайн уран бүтээлийн эзэн нь мөн эсэх нь эргэлзээтэй. Баталгаа байхгүй. Хэнээс хэний өмчийг хамгаалах вэ гэдэг ойлгомжгүй асуудал үүсдэг. Өөрийнхөө өмчийг баталгаажуулж аваагүй байна гэсэн үг шүү дээ. Тиймээс эрх нь зөрчигдөнгүүт баримтжуулж аваад гомдлоо мэдүүлж явдаггүй. Тэгсэн хэрнээ зохиогчийн эрх нь зөрчигдсөнд гомдоод байх жишээтэй. Гар утсаа алдчихаад цагдаад мэдэгдээгүй хэрнээ олж ирээд өгөх байх гээд хүлээдэггүйтэй л адил зүйл шүү дээ. Эрхээ хамгаалахын тулд өөрсдөө л явах ёстой.

6

-Хамгаалахын тулд бүтээлээ баталгаажуул гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм ээ, баталгаажуулахаас гадна эрх чинь зөрчигдсөн бол гомдлоо холбогдох байгууллагад нь өгөөд, акт гаргуулж, шүүхэд хандах хэрэгтэй.

6

5

-Гадаадад бол оюуны өмчийн хулгайн тухай яриа ер нь бага байна уу, эсвэл?

-Тэд үнэхээр шударга юм уу гэхээр бас тийм биш. Нодлин гэхэд 1970 оны дууны дөрвөн мөртийг Жастин Бибер, Ашер хоёр хулгайлаад дуулчихсан. Ингээд нөгөө дууны эзэд 10 сая ам.доллар нэхэмжлээд авсан. Тиймээс бид ч өөрийн бүтээлээ хамгаалахын тулд бүртгүүлээд, түүнийхээ араас тэмцэхээр асуудал цэгцэрнэ.

6

6

-Монголчууд үнэгүй юманд нугасгүй гэж ярьдаг шигээ сэтгэхүйтэй хүмүүс юм уу. Эсвэл энэ бидэнд харьцангуй шинэ зүйл болоод энэ тухай ойлголт муу байна уу. Танайхтай өрсөлдөхөөр хэн ч гарч ирэхгүй байгаа нь үүнтэй холбоотой юу?

-Манайхтай өрсөлдөхөөр хэд хэдэн сайт гарч ирж байгаа. Хамтлаг, дуучид, уран бүтээлчидтэй уулзаад, гэрээгээ хийхээр ярилцаж байгаа байх.

6

6

-Танайхаас үлгэр жишээ авчээ?

-Тэгж ойлгоход дэгсдүүлэг болохгүй байх аа. Яагаад гэвэл хулгайгаар явдаггүй юм байна гэдгийг тэд ойлгож эхэлж байна. Энэ бол дэвшил. Тэр дэвшилд нь бид бага ч болов нөлөөлсөндөө баяртай байгаа.

6

6

-Сайтуудын хувьд учир нь олдож. Гар утасны операторуудыг яах вэ?

-Хулгай гэвэл зөндөө бий. CD бичлэгийн газрууд байна. Өөр хамгийн том хулгай бол караоке, түүнээс ч том дээрмийг гар утасны операторууд хийж байна.

6

6 -Бид энэ хулгайтай яаж тэмцэх ёстой юм бэ?

-Оюуны өмчийн хулгай бол бүр гаарчихсан. Угаасаа л ийм байдаг юм гээд нөгөөхөө зөвтгөөд сурчихсан. Хэрэглэгчид гэхэд “Би ядуу юм чинь хулгайлж л амьдаръя” гэж боддог. Гэтэл цаана нь юу байна вэ. Бизнес хийж байгаа хүнд хамгийн их мөнгө зарцуулж байгаа зардал нь оюуны өмчийн зардал. Программ хангамж, технологи, компьютер худалдаж авахад хамаг мөнгөө зарцуулж байна. “С1”-ийн захирал хэлсэн байсан. “Монголд олон телевиз байгаа шалтгаан нь оюуны өмчийн хулгайтай холбоотой” гэж. Бүгд л хулгай хийгээд хэний ч хамаагүй бүтээлийг гаргадаг. Хэн ч, ямар ч төлбөр төлдөггүй учраас үйл ажиллагааных нь зардал хямд, 100 хувийн ашиг олдог гэсэн үг. Караоке гэхэд л дуучин, ая зохиогч, дууны үгийг зохиосон хүнд нэг ч төгрөг төлдөггүй биз дээ. Тэдэнд төлөх ёстой мөнгөө хулгай хийсэн хүнд өгч байх жишээтэй.

6

 6

-Нууц биш бол танайх хэчнээн тооны уран бүтээлчидтэй гэрээ хийсэн байдаг юм бэ?

-Бид холбоодоор дамжуулахаас гадна хувь уран бүтээлчтэй шууд гэрээ хийдэг. Ойролцоогоор 600 орчим уран бүтээлчийн 7000 орчим уран бүтээл байна.

6

6

-Та бүхэн шинээр ямар үйлчилгээ нэвтрүүлж байна. Магадгүй тухайн дуучны цомгийг сайтаараа зардаг болох уу?

-Хэдхэн хоногийн дараагаас бид хэрэглэгчиддээ гэртээ сууж байгаад интернэтээр цомог захиалж худалдан авах боломжийг олгох үүднээс хүргэлтийн үйлчилгээг үзүүлдэг болох гэж байна. Цомгийн үндсэн үнэ дээр хүргэлтийн жаахан зардал л нэмэгдэнэ. Гэх мэтчилэнгээр бид уран бүтээлчдээ дэмжиж байгаа. Цаашдаа бид уран бүтээлчид 70 хувийг нь авдаг, зуучлагч нь 30 хувийг нь хүртдэг дэлхийн чиг хандлага руу л явна. Яагаад биднээс сайн уран бүтээл гаргахгүй байна вэ гэхээр хөгжмийн зэмсэг нь үнэтэй учраас программ дээр уран бүтээлээ хийж байна. Тухайн хөгжмийн зэмсгээр өөрийнхөө уран сэтгэмжээр бүтээл туурвих бол өөр. Программ бол хязгаарлагдмал. Монголд амьд хөгжмийн хамтлаг цөөхөн байгаа нь чадахгүйдээ биш хөгжмөө авч чаддаггүйтэй холбоотой. Тиймээс урлагаа дэмжихийн тулд тэдний бүтээлээс ашиг олж байгаа бол хуваалцах л шаардлагатай. Тэднийгээ чадвартай байлгахын тулд орлоготой байлгах ёстой. Тухайн уран бүтээлчийн бүтээлээс хамаараад орлого олоод эхэлбэл илүү орлого олохын тулд чанартай бүтээл хийхийн төлөө л өрсөлдөнө шүү дээ.

6

6

-Оюуны өмчийн хулгайтай тэмцэхэд их нөлөө үзүүлэх зүйл гэвэл таны бодлоор юу байна гэж харж байна?

-Гадны томоохон албан ёсны төлөөлөгч Монголд орж ирэх нь чухал юм шиг. Харъя л даа. “Өргөө” кино театр, “Юнивишн” гэх мэт компаниуд зохиогчийнх нь эрхийг аваагүй байхад бүх телевиз кино хулгайлдаг байсан, тийм үү?

6

-Нэг бодлын сайхан ч байсан юм шиг. Өнгөрсөн долоо хоногт дэлхийд нээлтээ хийсэн киног үзчихдэг байлаа шүү дээ?

-Албан ёсоор тэд эрхээ аваад ирэхээр хулгайгаар гаргах ямар ч боломжгүй болчихож байгаа нь тэр. Та хүсвэл мөнгөө төлөөд үз л дээ. Майкрософт Монголд ороод ирвэл программ хангамжийн хулгай Монголд байхгүй болно.

6

6

-Яагаад орж ирэх ёстой юм, давуу тал нь юу байх вэ?

-Би мужаан байлаа гэхэд материалыг нь аваад толгойгоо гашилгаж загвар гаргаад, цахилгаан үрж түүнийгээ хийгээд бөөн үйлдвэрлэлийн зардал гаргаж байж нэг бүтээгдэхүүн гаргадаг. Гэтэл та Хятадаас хулгайлж оруулж ирээд зарвал таниас хямд зарна. Би түүнтэй чинь өрсөлдөж чадах уу. Надад ямар сонголт үлдэх вэ гэхээр өөрөө хийхээ болиод хулгайч эсвэл тэмцэгч болно. Үүнтэй бид тэмцэхгүй л юм бол Монголд үйлдвэрлэл хөгжүүлэх, оюуны бүтээл гаргах ажил явахгүй. Би программ хийгээд зарах гэхээр “Уучлаарай, би windows-ийг 5000 төгрөгөөр авч байхад чамд яагаад сая төгрөг төлөх ёстой юм” гэдэг байхгүй юу. Ийм л юм болдог. Бүх кино хулгайгаар орж ирдэг байхад манай кино байж болох доод цэгтээ хүртлээ унасан шүү дээ. Хулгайг нь болиулаад мөнгөө авдаг болоод ирэхээр телевизүүд монгол кинондоо мөнгө төлдөг болж эхэлж байна. Энэ мэдээж дэвшил.

6

Л.НАРАНТӨГС
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №055

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baadai:
ene heden duuchdin duug ingej hulgailj olon tumend sonsgoj unegui surtalchilj bj l tedni consertig amidaar uzeh bolj duuchid orlogotoi boldog bh shu. harin saitad tolbortei bolgochvol consert gm uzeh uu?. ted gadaadin shildeg duuchid bish shuu de
2014-04-03
ramzai:
жалгын нэг соёлын тэргүүн, довоор нэг гавъяатуудын дууг мөнгөөр сонсох хүн их л ховор байх болов уу. ядаж байхад монголчууд мөнгөгүй их л зүдэрч байна даа. хэдэн ч хүнтэй билээ хэдэн ч дуучинтай билээ.
2014-04-03