“Чацаргана” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Удахгүй хаврын тариалалт эхлэх гэж буйтай холбогдуулан салбарын яамнаас “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор тусгасан дээрх хөтөлбөрт техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх асуудал багтжээ. Мөн энд элит болон сортын үрийн чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг сайжруулж хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээ авах, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах, агуулах сав нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
:
Дашрамд дурдахад, “Чацаргана” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, үхрийн нүдний аж ахуй байгуулахад зээлийн дэмжлэг үзүүлэх, чацарганы суулгац зээлээр олгох төслийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.
.
Мөн Засгийн газрын үнэт цаасны арилжаанаас бүрдүүлсэн хөрөнгөнөөс өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад зориулан 17.4 сая ам долларын санхүүжилтийг Голомт банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Улаанбаатар хот, бусад аймаг, хотуудад өвлийн шилэн болон нарны халаалттай хүлэмжүүдийг байгуулахад зээлийн дэмжлэг үзүүлэх ажлууд үргэлжлэн явагдах аж. Ингэснээр шинэ ургацын өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, гүзээлзгэнэ, төрөл бүрийн навчит ногоо ургуулан хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор хангаж, хүнсний хэрэглээний бүтцийг сайжруулснаар дээрх төрлийн ногооны импортыг эрс бууруулах юм байна.
.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ