Нийтийн эрх зүйн хэм хэмжээний асуудлаар зөвлөлдлөө
Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Хууль сахиулахын их сургууль хамтран “Нийтийн эрх зүйн хэм хэмжээний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт онол практикийн бага хурлыг өчигдөр Хуульчдын танхимд зохион байгууллаа. Уг хуралд Гадаад харилцааны яам, Авилгатай тэмцэх газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар болон дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн төлөөлөл оролцлоо. Эдгээр байгууллагуудынхаа түвшинд ярилцаж удирдах ажилтан, гүйцэтгэх албан тушаалтан, сургалт судалгааны байгууллагуудад хандсан Нийтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхэд анхаарах зөвлөмжийг гаргаж, тухайн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэв. Уг зөвлөмжид Нийтийн эрх зүйн хүрээн дэх Монгол Улсын олон улсын гэрээг нийтийн эрх зүйн салбар бүрээр түүвэрлэн эмхтгэх, холбогдох байгууллага, албан тушаалтанд тараах талаар тусгажээ. Түүнчлэн нийтийн эрх зүйн аливаа хэм хэмжээг Үндсэн хуулийн эрх зүйн зарчим, үзэл баримтлалтай холбон тайлбарлах, хэрэглэх, Ашиг сонирхлын зөрчлөөс урьчдилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг сайжруулах, Хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон тулгамдсан асуудлыг дээд шатны албан тушаалтанд уламжлах зэргийг зөвлөсөн байна.
ы
Бага хурлын үеэр ХСИС-ийн багш, ахлах дэслэгч Т.Азжаргал “Үндсэн хууль нийтийн эрх зүйн үндсэн эх сурвалж болох нь”сэдвээр илтгэл тавьж, Үндсэн хуулийг зөрчсөн цөөнгүй асуудал байгааг дурьдав. Тодруулбал, Улсын төсвөөс гадуур 250 сая төгрөгийг тойрогтоо зарцуулах нэрийдлээр авах, “Чингис” бонд нэрийн доор улсын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрүүлж 60 хувь болгож батлах, УИХ-ын гишүүны нууц данс илрэх, УИХ-ын гишүүний эрхийг түтгэлзүүлэх гэх мэт үйлдлийг онцоллоо.
ы
Түүнчлэн ХСИС-ийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, цагдаагийн дэд хурандаа Б.Нармандах “Олон улсын гэрээний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдвээр тавьсан бол Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын гадаадын иргэний улсын байцаагч Г.Төгөлдөр “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэглээ, анхаарах асуудал” сэдвээр удаах илтгэлийг танилцууллаа. Мөн энэ үеэр ХСИС-ийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Н.Мөнхзулын хэлэлцүүлсэн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэглээ, анхаарах асуудал” байлаа.
ы
Тэрбээр илтгэлээрээ “Сонирхлын зөрчил гэсэн ойлголт нэг талаас нийтийн албан тушаалтны ёс зүйн шаардлага, нөгөө талаас авлигын сүүдэр, шалтгаан болж яригдсаар ирсэн. Нийтийн албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэхэд хувийн сонирхол зүй бусаар нөлөөлсөн үед авлига бий болдог нийтлэг зүй тогтол байдаг. Сонирхлын зөрчил нь авлига биш, харин авлига бий болгох хөрс суурь, шалтгаан болдог. Тиймээс сонирхолын зөрчлийг зохицуулах нь авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх томоохон механизмд тооцогддог” гэдгийг онцоллоо. Мөн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд “нийтийн алба” гэсэн нэр томъёог хуульчлах, ашиг сонирхлын зөрчилд өртөж болзошгүй албан тушаалын жагсаалт гаргах, хувийн ашиг сонирхлын зөрчлийн мэдээлэл хүлээн авах, хариуцлага тооцох механизмыг тодорхойлох, нэгдсэн судалгаа, тайлан, хяналт бий болгох, “Offshore”-той холбоотой харилцаанд хязгаарлалт тогтоох, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйг төлөвшүүлэх шаардлагатай байгааг дурдсан юм.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ