Хөдөлгөөн заслын тоног төхөөрөмж бэлэглэлээ

img

Японы “Maebashi Rotary” клубээс 40 мянган ам.долларын өртөг бүхий бие бялдар, хөдөлгөөн заслын тоног төхөөрөмжийг ЭМШУИС-н харьяа Сувилахуйн сургуульд өнөөдөр бэлэглэлээ. Олон улсын сайн санааны тусламжийн үйл ажиллагааны хүрээнд өгч буй уг бэлэг нь хөдөлгөөн засалч мэргэжилтний сургалтын орчинг дэмжих, сайжруулах зорилготой аж. Уг тоног төхөөрөмжийг хүлээн авсанаар эрүүл мэндийн салбарт төгсөн гарч буй хөдөлгөөн засалч мэргэжилтний ур чадвар нэмэгдэж, сургалтын орчин сайжрах юм. ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль нь Японы Гүнмагийн их сургуультай хамтран хөдөлгөөн засалч мэргэжилтнийг 2007 оноос хойш бэлтгэж эхэлсэн байна. Энэ жил дөрөв дэх төгсөлтөө хийх гэнэ.

Манай эрүүл мэндийн салбарт одоогийн байдлаар 46 хөдөлгөөн засалч ажиллаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд тархины харвалт болон осол гэмтэл нэмэгдсэнтэй холбоотойгоор уг мэргэжилтний хэрэгцээ шаардлага өсөн нэмэгджээ. Ийм мэргэжилтний тоог нэмэх нь үйл ажиллагааны чадвар алдагдалтай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог бууруулахад чухал ач холбогдолтой юм байна.

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ