Хяналтын тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт болон Хяналтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2013 оны эцсийн байдлаар 46.2 хувьтай гарчээ.
.
Засгийн газар бүрэн эрхийн хугацааны эхний жилд эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх, салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтээн байгуулалтын ажлуудын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, салбаруудын норм, стандартыг шинэчлэх зэрэг аливаа зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шатны ажлуудыг хийсэн байна.
.
Түүнчлэн авто зам барих, иргэдийг орон сууцжуулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж хөгжлийг нь дэмжих, ажлын байрыг олноор бий болгож иргэдийг ажилтай, орлоготой болгох, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих чиглэлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа аж.
.
Хяналтын тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ