“Буянт-Ухаа 1”-ийн сугалаа энэ 7 хоногт явагдахгүй нь бололтой
Зах зээлийн ханшнаас хямд үнэтэй тул орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй “Буян-Ухаа 1” хорооллын бүртгэл дуусаад 7 хонож байна. Харин дараагийн шат болох сугалааны тохирол хэзээ явагдах талаар ТОСК-ийн Хэвлэлийн төлөөлөгч Ц.Эрдэнцэцэгээс тодруулахад “Одоогийн байдлаар бүртгүүлсэн иргэдийн материалыг холбогдох байгууллагууд руугаа явуулсан байгаа. Материалыг нягтлаж шалгах ажил үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Уг нь энэ сарын 10-нд ТОСК-оос хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Бүртгэлийг 14 хоногийн хугацаанд явуулна. Харин УБЕГ, НДЕГ, Монголбанкны мэдээллийн бүртгэлийн сан гэх мэтчилэн холбогдох байгууллагууд иргэдийн материалыг тулгаж шалгах ажлыг 5-7 хоногт багтаан хийхийг манайхаас тус газруудад мэдэгдсэн” хэмээж байсан. Гэсэн ч одоогоор бүртгүүлсэн иргэдийн материалыг хянаж шалгах ажил үргэлжилж байгаагийн зэрэгцээ ТОСК-оос сугалаа явуулах журмаа бэлэн болгохоор ажиллаж буй юм байна. Тиймээс энэ 7 хоногт багтаан сугалааны тохирлыг явуулж амжихгүй нь бололтой.
Дашрамд дурдахад “Буян-Ухаа 1” хорооллоос орон сууц захиалах хүсэлтэй 9081 хүн ТҮЦ машинаар бүртгүүлжээ. Тус хороололд нийтдээ 1575 айлын орон сууцны 675 нь 33-51.78 м2 бүхий 2 өрөө байр байгаа. Тэгвэл бүртгүүлсэн иргэдийн дийлэнх нь 2 өрөө байр авахаар хүсэлт ирүүлжээ.
Сугалааны тохиролын явагдах хугацаа болон ямар журмаар явагдах талаар эргэн мэдээлэх болно.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ