Бурууг бусдаас хайхад учир бий
Хавар болмогц хаа сайгүй хөл хөдөлгөөн ихэсдгийн нэгэн адил янз бүрийн жагсаал цуглаан ч бас идэвхжиж эхлэв бололтой. Харин нэг үеэ бодвол иргэд, олон нийт жагсаал цуглааны дүйвээнд автаж “сохроор” дагах гэхээсээ, дүгнэлт хийж хөндлөнгөөс ажиглах нь илүүтэй болж. Арга ч үгүй биз, өнөөгийн нөхцөлд гар хумхилгүй ажиллаж, амжуулж яваа нь л амьдралаа төвхнүүлж, илүү амжилтад хүрдэг болсон болохоор хүмүүсийн цаг зав нь ч харам болсон байлгүй. Тиймээс ихэнх цуглаан жагсаал 30-40-өөд хүний л хүрээнд болоод өнгөрдөг болсон байна.
6
Үүнээс болоод зарим хүмүүс “ингэж байхаар ажил хийж, албан татвар төлөөд явах нь илүү эх оронч үйлс биш үү” гэж хүртэл ярилцах болжээ. За ямартай ч эрх нь байгаа болохоор “эдэлж ашиглаж байгаа” байдлыг нь харвал жагсаал цуглааны сэдэв нь янз бүр байгаа юм. Тэгвэл сүүлийн хэд хоногт болж өнгөрсөн нэгэн жагсаалыг дагавал тэмцлийн гол зорилго нь “Гал үндэстэн хөдөлгөөн”-ий тэргүүн Ц.Мөнхбаярыг суллах болж байлаа. Одоогоор энэ тэмцлийн үр үн ямар гарах нь тодорхойгүй л байна.
6
Харин үүнтэй зэрэгцээд жагсагчдын хөндөж байгаа бас нэг сэдэв нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт явуулж байгаа ураны хайгуулын үйл ажиллагаатай холбоотой асуудал юм. Иргэний хөдөлгөөний зүгээс энэ үйл ажиллагаа нутгийнханд аюул учруулж байгаа гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл ураны хүдрийг туршилтын олборлолтоор гаргаж авсан Францын “Арева” группын зүгээс иргэний хөдөлгөөнийхний тавьж байгаа асуудлуудад ямар хариу өгөхийг нь тодруулахаар зорьлоо. Ингээд “Кожеговь” ХХК-ний Геологийн албаны захирал Эрик Жактай уулзаж ярилцлаа.
6
- Танай компанийн уран олборлож байгаа үйл ажиллагаанд иргэний хөдөлгөөний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ талаар тодруулах гэсэн юм.
-Тэр бололгүй яахав. Тэгэхдээ эхлээд зарим нэр, томьёолол, бодит байдал зэргийг үнэн зөвөөр нь хүмүүст хүргэмээр байгаа юм.
5
- Тухайлбал ямар зүйл байгаа гэж ?
- Манай охин компани болох “Кожеговь” ХХК-ний үйл ажиллагааны талаар буруу, ташаа ойлголтуудыг маш ихээр тарааж байна. Тухайлбал манай Арева групп Монголд ураны олборлолт огт хийгээгүй. Харин тухайн ордын нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Монгол Улсын Эрдэнэсийн санд бүртгүүлэхэд технологийн, лабораторийн, хагас үйлдвэрлэлийн зэрэг туршилтуудыг хийсэн байх шаардлага тавигддаг. “Кожеговь” ХХК-ний илрүүлсэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Дулаан Уул ураны ордыг олборлох аргачлалыг сонгохын тулд хүдрийг хэрхэн гаргаж авах талаар технологийн туршилтын ажлыг 2010 оны 6-р сараас 12-р сард хийж гүйцэтгэсэн. Энэ нь дараагийн шатанд шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэл ( ТЭЗҮ) боловсруулахад шаардлагатай гол мэдээлэл болж өгдөг юм.
5
Нөгөө талаар ямар ч уран баяжуулалтын тухай асуудал байхгүй. “Кожеговь” ХХК нь Төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн ураны хүдрээс шар нунтаг боловсруулж экспортод гаргах хэмжээний л үйл ажиллагаа явуулна. Шар нунтгийг өөр оронд экспортлох юм. Тухайн хүлээж авсан орон нь цөмийн түлш үйлдвэрлэнэ. Энэхүү түлшийг дараагийн оронд цөмийн цахилгаан станцад нийлүүлнэ. Цөмийн цахилгаан станцаас гарах түлшний хаягдлыг АРЕВА-гийн дахин боловсруулах цөмийн түлшний үйлдвэрт дахин боловсруулж ашигладаг. Нийтдээ 4%-ийн хаягдал үлдэхийг цөмийн түлш үйлдвэрлэж буй орон авч булшилдаг. Монгол Улсад цөмийн түлш үйлдвэрлэгдэхгүй учраас хог хаягдал буцаж ирэхгүй. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын ииндэр дээрээс дэлхий дахинд зарласан. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудад энэ талаар байгаа. Тийм болохоор экспортод шар нунтаг гаргачихаад, дараа нь хаягдлаа эргүүлж авч булах гэж байна гэх зэргээр хоосон дэвэргэж ярих ямар ч үндэслэл байхгүй юм.
6
- Хөдөлгөөний зүгээс танай туршилтын олборлолт явуулж байгаа нутгийн ундны ус бохирдож байгаа гэсэн мэдэгдэл хийж байгаад ямар хариулт өгөх вэ?
- Бид туршилтын олборлолт явуулсан газар, орчны усны найрлага, өөрчлөлтөд 2010 оноос хойш байнга шинжилгээ, хэмжилт хийсээр ирсэн. Эдгээр судалгаанаас харвал бидний туршилтын олборлолт явуулсан талбайн орчимд усны химийн найрлагад ямар ч өөрчлөлт байхгүй гэдгийг тогтоосон.Мөн малчны худаг болон Баруунбаянгийн булагт ямар нэг нөлөө байхгүй болох нь шинжилгээ судалгаагаар батлагдсан байгаа.
6
- Бас Улаанбадрах сумын нутагт селенийн хэмжээ ихэссэн нь танай туршилттай холбоотой гэх яриа гарч байсан ?
- Нэг зүйлийг онцолж хэлье. Селени гэж яригдаад байгаа бодисын хувьд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ихээхэн элбэг тархацтай болсон элемент байгаа юм. Улаанбадрах суманд байгаа селени нь говийн бүсийн бусад зарим нутгийн нэгэн адил өргөн тархсан байгаа юм байна. Энэ бодис байгаль дээр уст давхаргад агуулагдахын зэрэгцээ байгалд металл хэлбэрээр цулаараа ч байдаг. Гэхдээ технологийн туршилтын ажлыг гүйцэтгэснээс болж селенийн хэмжээ огцом өсч, орчин тойрны усны эх үүсвэрт нөлөөлсөн гэдэг нь ташаа мэдээлэл юм. Бидний 3 жил гаруй тасралтгүй хийсэн судалгааны дүнгээс харахад селенийн түвшин Улаанбадрах сумын нутагт нэмэгдээгүй. Харин ч 2013 оны судалгаагаар орчны селенийн түвшин манай “Кожеговь” ХХК-ний туршилтын ажил эхлэхээс өмнө байсантай адил түвшинд гарсан байгааг харж болно.
5
-Малчин Д.Норсүрэн болон нутгийнхны мал хордсон зэрэг асуудлуудыг танай үйл ажиллагаатай холбон ярьж байгаа. Үүнийг танай компани хэрхэн харж байгаа вэ?
- “Кожеговь” ХХК-ний туршилтын олборлолт явуулсан талбайн орчим газарт байх усны химийн найрлагад ямар ч өөрчлөлт ороогүй гэдгийг байнгын шинжилгээний дүн харуулсан гэж би түрүүн хэлсэн. Тэгэхээр малчин Д.Норсүрэнгийн тугалнууд хордсон зэрэг нь манай туршилттай ямар ч холбоо байхгүй нь харагдаж байгаа. Үүний дээр Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Д.Норсүрэнгийн малын хорогдлыг төрийн бус байгууллагынхны ярьж байгаа шиг цацрагийн болон уранаас болж хордоогүй, харин селениэс хордсон гэж тогтоосон.
5
- Тэгвэл эдгээр асуудал юунаас болж байгаа гэж танайх үзэж байгаа вэ?
- Энэ асуултад мэргэжлийн байгууллага л бүрэн зөв тайлбар өгөх байх. Өөрсдийн хийсэн судалгаандаа үндэслээд ганц нэг таамаг хэлэхэд малчдын гаргасан ихэнх худаг 5-6 метр л гүн байгаа. Тиймээс ган, хуурайшилт болон борооны дараахи нөлөөлөлд автаж, ус нь бохирдох, булингар тогтож агууламж нь эрс өөрчлөгдөх эрсдэлтэй байдаг юм билээ. Мөн селени болон хүхрийн хүчлийн хэмжээ нийт говийн бүс нутагт нийтлэг хэмжээтэй байсаар байна. Энэ бүхнээс харвал селени болон хүнд металлаас болж малын хорогдол гарсныг тогтоосон шинжилгээний дүн гарсныг манай үйл ажиллагаатай холбох ямар ч үндэслэл байхгүй юм. Ер нь ямар нэг асуудал гарахаар шууд “Кожеговь” ХХК, түүний толгой компани болох “Арева” компанийн үйл ажиллагаатай холбож буруутгах нь нэгд шударга бус. Хоёрт, асуудлын жинхэнэ учир шалтгааныг олж тодруулах иргэдийн эрмэлзлийг нь бууруулж байна гэж харамсч байгаа. Харин бидний хувьд тухайн нутаг дахь усны найрлагад хийж байгаа шинжилгээний ажлаа цаашид ч үргэлжлүүлнэ гэдгийг хэлмээр байна. “Кожеговь” ХХК нь үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн ард иргэдтэй хамтарч ажиллаж ирсэн, цаашид ч хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлэх болно.
5
Х.Дархан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ