Шалгарсан төслүүдийг арилжааны банк судална
Шинэчлэлийн Засгийн газраас энэ оныг "Үйлдвэрлэлийг дэмжих жил" болгон зарласан билээ. Энэ хүрээнд экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдэд санхүүжилт олгохоор шалгаруулалт явуулсан. Иргэд, аж ахуйн нэгжээс шалгаруулалтад 1151 төсөл ирүүлснээс 888 төсөл шалгарсан юм. 888 төсөлд нийт дөрвөн их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Үүнээс Засгийн газар нэг их наяд төгрөгийн санхүүжилт олгох юм байна. Төслүүдийг бондын хөрөнгөөр санхүүжүүлэх юм. Шалгарсан төслүүдийг нийтдээ 44 бүлэг болгон ангилжээ. Хамгийн их нь барилгын материал үйлдвэрлэхээр 164 төсөл байсан байна. Харин хамгийн бага буюу загасны аж ахуй хөгжүүлэх гурван төсөл байгаа аж. Шалгарсан төслүүдийг хэрэгжүүлэх талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх нар мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат:
6
-Шалгарсан төслүүдээс импортыг орлох бүтээгдэхүүн дийлэнх нь байгаа. Иргэд харилцдаг банкиндаа шалгарсан төслөө судлуулах хэрэгтэй. Банкууд төслийг санхүүжүүлэх асуудлыг судална. Мөн Хөгжлийн банкны эх үүсвэрээр 143 ЖДҮ-ийн төслийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлж байгаа. Чингис бондоос таван салбарын төслийг Хөгжлийн банкаас арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлж байна гэлээ. Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
6
-Арилжааны банкууд бизнесийн төсөлд зээл олгодог. Одоо хэрэгжүүлэх төсөл нь банкны зээлээс юугаараа ялгаатай вэ?
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат:
-Энэ зээл нь банкны нөхцөлөөс хөнгөлөлттэй байна. Хүү нь жилийн есөн хувиас илүүгүй байх ёстой. Тав хүртэлх жилийн хугацаатай. Эхний нэг жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийг төгрөгөөр олгоно. Арилжааны банкуудаар олгодог зээлээс урт хугацаатай, хүү багатай юм. Бондын эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Бондын эх үүсвэр өөрөө урт хугацаатай. Энэ давуу талаа хувийн хэвшлээр дамжуулан төсөл хэрэгжүүлэхэд зориулж байна.
6
Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх:
-Бодлогоор дэмжих тодорхой төслүүд байгаа. 44 бүлэг дотроо импортыг хамгийн өндөр орлох бүтээгдэхүүний төсөл дотроос шалгаруулаад Засгийн газар дэмжих талаар ажиллана. Арилжааны банкны эх үүсвэр нь дээрх зээлийг санхүүжүүлэхэд боломжгүй. Хүү өндөр, хугацаа богино. Арилжааны банкууд Монгол банкны шалгуураар нийт зээлдэгчдэд олгодог зээл нь хоёр хувиар хязгаарлагддаг. Энэ зээлийн гуравны нэгийг Засгийн газар санхүүжүүлнэ гэдэг нь эх үүсвэр дутагдалтай байгаа хэсгүүдэд зориулагдах юм. Хэрвээ арилжааны банк төслүүдийн гуравны нэгийг санхүүжүүлж чадахгүй юм уу,бодлогын хувьд Засгийн газраас дэмжих зээл барьцаа хөрөнгийн хувьд хүрэлцээгүй байвал даатгалын систем оруулж ирж ашиглах төлөвлөгөөтэй байна.
6
-Төслүүдийг санхүүжүүлэхэд эрсдлийг нь яаж тооцсон бол. Даатгалын компаниуд эрсдлийг хариуцахад хүндрэлтэй гэж байсан.
-Манайд санхүүгийн систем бүрэн тогтож чадаагүй. Томоохон төслүүд, Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжих ёстой төслүүдийг арилжааны банкууд санхүүжүүлж чадахгүй. Мэдээллийн эрсдлийн үнэлгээгээр хэмжинэ, эх үүсвэр нь хүрэлцэхгүй, аж ахуйн нэгжүүдэд барьцаа байдаггүй гэх мэт асуудал үүсдэг.
6
-Үндэсний даатгалын корпориаци байгуулагдах сураг байсан. Энэ корпориац төслүүдийн эрсдлийг хариуцах уу?
-Үндэсний даатгалын корпориаци байгуулахаар ярьж байна. Энэ нь ямар нэг даатгал хийхгүй. Зөвхөн зээлийн эрсдэл болоод экспортод гарах бараа бүтээгдэхүүний даатгал хийнэ. Энэ төсөл явж байгаатай зэрэгцээд бид хийгээд явна. Манай даатгалын салбарт мэргэжилтэй боловсон хүчин хомсдолтой юм байна лээ. Тийм болохоор бид Монголын даатгалын компанитай хамтарч ажиллана. Нэг ёсондоо зээлээ хамтарч даатгана.
6
-Үндэсний даатгалын корпорацийн үйл ажиллагааг хаанаас санхүүжүүлэх бол? Төсвөөс үү, бондоос уу?
-Санхүүжилтийн эх үүсвэрийг судалж байна. Ер нь төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэх ёстой. Харин энэ оны төсөвт тусгагдаж амжаагүй. Тиймээс өөр хувилбараар санхүүжүүлэх байх.
6
-Иргэд энэ төслийг хэзээ хэрэгжүүлж эхлэх, зээлээ хэзээ олгохыг хүлээж байна. Төсөл нь шалгарсан иргэдэд зээлийг хэзээнээс олгох вэ?
-Харилцагчид, аж ахуйн нэгж компани, арилжааны банк гурав хамтарч ажиллах шаардлагатай. Ирэх долоо хоногоос зээл олгох арилжааны банкуудыг шалгаруулна.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ